fitness
  • 320 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-13

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулж буй.

Энэ үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023-02-10/ Эрүүл мэндийн сайд С.Чинзориг,  дэд сайд С.Энхболд нарын хамт Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв болон “Фамили медикал” эмнэлэгт ажиллалаа.

Эрт илрүүлэг үзлэгт энэ сарын 9-ний байдлаар улсын хэмжээнд 852 834 хүн хамрагдсан нь нийт хүн амын 25.7 хувь бөгөөд насны ангиллаар авч үзвэл

  • 0-5 насны хүүхдийн 34.4 хувь,
  • 6-17 насны хүүхдийн 52.4 хувь,
  • 18-30 насны залуучуудын 11.4 хувь,
  • 31-45 насны хүн амын 12.4 хувь,
  • 46-60 насны 17.2 хувь,
  • 61-ээс дээш насны хүн амын 20.8 хувь хамрагдсан дүнтэй байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн очсон Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд энэ оны нэгдүгээр сарын 26-ны байдлаар 110,762 иргэн буюу хамрагдвал зохих хүн амын 28.8 хувь нь хамрагдсан бөгөөд улаан хоолойн хавдрын урьтал эмгэг, ходоодны шарх, хавдар, элэгний хортой, хоргүй хавдар, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг,  элэгний  В, С вирусийн шинэ тохиолдол зэрэг өвчлөл, өөрчлөлтүүд зонхилон илэрч байгаа талаар тус төвийн дарга Г.Ууганцэцэг танилцуулсан.

Баянзүрх дүүргийн ЭМТ тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, эрт илрүүлгийн хамралтын хувийг дээшлүүлэх зорилгоор 18-30 насны иргэдийг зөвлөх поликлиниктээ, бусад насны бүлэг буюу  дуран оношилгоотой багцыг дүүргийн нутаг дэвсгэр дэх улсын болон хувийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн хүмүүст хүрч очиж ажиллах зохицуулалт хийжээ. Тухайлбал, бүрэн тоноглосон эрт илрүүлгийн автобус ажиллуулж, өнгөрсөн онд 1,509 хүнийг хамруулсан байна.

Иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээнд төрийн өмчийн 49, хувийн хэвшлийн 27 байгууллага хамтран ажиллаж байна. Эдгээрийн нэг нь “Фамили медикал” эмнэлэг юм. Тус эмнэлэг Баянзүрх дүүргийн хоёр, 21, 27 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн ес, 16 дугаар хорооны 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэгт хамруулах гэрээтэй бөгөөд өдөрт 60-70 хүн хамрагддаг. Энэ хугацаанд 12,600 гаруй хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдсанаас 250 орчим хавдрын урьтал болон батлагдсан тохиолдол илэрчээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эмнэлгүүдэд ажиллах үеэрээ үйлчлүүлж буй иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр эрүүл мэнддээ анхаарч шинжилгээ, оношилгоонд хамрагдахаар ирсэнд нь талархал илэрхийлээд “Энэхүү эрт илрүүлгийн арга хэмжээ нь Монгол Улсын хүн амын нас, насны бүлэгт зонхилон тохиолдох өвчин, эмгэгийг илрүүлэх, эмчлэх зорилготой. Цаашид иргэн бүр жил тутам эрт илрүүлэгт хамрагдаж хэвших нь чухал байна. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсрол дээшилснээр монгол хүний дундаж наслалт нэмэгдэж, амьдралын чанар дээшилнэ” гээд гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарч эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд идэвхтэй хамруулаарай гэж захилаа.

Улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсээс давхардсан тоогоор өвчлөлийн 636 360 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 307 288 буюу 48.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин, 71 248 буюу 11.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчин,     67 351 буюу 10.6 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин, 53 730 буюу 8.4 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин, 50 621 буюу 8.0 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 86.5 хувийг эзэлж байна.

0-17 насны хүүхдийн өвчлөлийн 238 184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 61.5 хувь нь шүд цоорох, 2.4 хувь нь шүдний гажиг, 1.1 хувь нь хараа муудах өвчлөл эзэлж байгаа нь хүүхдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөл болж байна. Хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн шүд цоорох өвчний 121 602 тохиолдол буюу 83.0 хувийг 6-17 насны хүүхэд  эзэлж байгаа гэсэн дүн гарсан байна.

Эх сурвалж: ЭМЯ

Бусад мэдээ

Халал аргаар бэлтгэсэн Монгол хонины махыг Эмират улсад нийлүүлж эхэллээ

Халал аргаар бэлтгэсэн Монгол хонины махыг Эмират улсад нийлүүлж эхэллээ

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д халал аргаар бэлтгэсэн махыг Монгол Улсаас экспортлох ажиллагаа а

Г.Занданшатар: Манай улсад үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 26 хувийг цахим гэмт хэрэг эзэлж байна

Г.Занданшатар: Манай улсад үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 26 хувийг цахим гэмт хэрэг эзэлж байна

Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар цахим гэмт хэргийн тоо, гаралтын талаар гишүүдэд мэдээлэл

Ариунзул С.
Ариунзул С.