Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ЦЕГ-ын даргын 2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн А/01 тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлжээ.
Улмаар нийслэлд автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээдийг дайчлан баривчилж шалгаж, 2022 оны арваннэгдүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна.
Нүүрсэн яндангүй тээврийн хэрэгслээс 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг байна. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт Гаалийн ерөнхий газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн агаарын орчны бохирлолтой тэмцэх газар, Автотээврийн үндэсний төв, Геологийн судалгаа-Шинжилгээний төв, Шүүх шинжилгээний ерөнхий газрын холбогдох албаныхантай мэдээлэл солилцож, цаашид хариу арга хэмжээний талаар хэлэлцүүлгийг өрнүүллээ.
"Нүүрсэн яндангүй 2500 гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна"
Энэ үеэр өнөөдрийн арга хэмжээний талаар НЦУГ-ын Дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Сүүлийн 3 жилийн байдлаар 39517 кг нүүрсэн яндангаас гардаг бодисыг Монгол Улсын хилээр гаргасан байна. Жишээ нь, нэг автомашинд дунджаар 500-700 гр бодис байдаг гэвэл хичнээн олон тооны автомашины нүүрсэн яндангийн бодис хилээр гарсан вэ гэдэг нь харагдаж байна. Нөгөө талаас иргэд өөрсдөө авто машины нүүрсэн яндангийн бодисыг мөнгө олох зорилгоор худалдах тохиолдол ч их байна.
Нүүрсэн яндангүй автомашинаас 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг байна. Гэтэл яндангүй, оношилгоогоор зөрчилтэй гарсан 2500 гаруй тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож, агаарын бохирдолд тодорхой хэмжээний хохирол учруулж байна.
Тиймээс НЦУГ-аас авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэлэлцүүлэг явуулж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд агаарын бохирдолд нөлөөлж байгаа автомашины катализатор буюу яндангийн шүүлтүүрийг хилээр гаргахгүй байх саналыг мэргэжлийн байгууллагад хамтран дахин хүргүүлэхээр болж байна.
Авто машины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн агаарын орчны бохирдолтой тэмцэх газар, Автотээврийн үндэсний төв, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн газар, Гаалийн байгууллагын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. ” гэв.
"Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг дөрвөн бүлэг, 13 этгээд 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон"