fitness
  • 324 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-12

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзлаа. Уулзалтад БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын зээлийн сангийн удирдлага, холбогдох албан тушаалтан болон нийслэлийн 293 сургуулийн 12-р ангийн 650 сурагч оролцов.
 
Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, түүний эхний 10 жилийн зорилт буюу “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилт, үр дүн, боловсрол, эрүүл мэндийн салбарын шинэчлэл, хөдөлмөрийн зах зээлийн цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өглөө.


 
 “Манай улсын хүн амын 42 хувийг 22 хүртэл насныхан эзэлдэг. Та бүхэн цар тахлын дараахан, дэлхийн геополитик хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед мэргэжил сонголтоо хийж байна. Монгол Улсын шинэ зуун, шинэ мянган ямар байх нь та бүхнээс хамаарна” гэж Ерөнхий сайд хэллээ.  “Шинэ сэргэлтийн бодлого”-ын төмөр зам, авто тээвэр, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд 39 мянган инженер, техникийн мэргэжилтэн нэн хэрэгцээтэй байна. Сувилагч болон нарийн мэргэжлийн эмч, орон нутагт ажиллах чадварлаг боловсон хүчин нэн чухал байна. Манай улсад ажил эрхлээгүй дөрвөн хүн тутмын нэг нь бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна. Мэргэжил сонголт хөдөлмөрийн зах зээлтэй зөв уялдах нь та бүхний төдийгүй улс орны хөгжил, эдийн засагт ихээхэн хамаатай гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.


 
Сурагчид "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод байгаль орчин, ногоон хөгжил, аж үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хэрхэн туссан болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн талаар тодрууллаа. “Манай улс авлигатай тэмцэх нь чухал гэхдээ урт хугацаандаа цөлжилтөд санаа зовж байна”, “Соёл урлагийн салбар уналтад орж, мэргэжлийн уран бүтээлчид ажлаасаа гарч байна”, “Дэлхийн геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс батлан хамгаалах, зэвсэгт хүчний хувьд ямар  бодлого баримталж байгаа вэ”, “ЭЕШ-ын оноог ямар аргачлалаар тооцдог вэ”, “Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хүн бүрд хүндээр тусаж байна” зэрэг асуултдаа тэд Ерөнхий сайдаас хариулт авлаа.
Мөн байгалийн ухааны хичээлийн лаборатори дутмаг учраас дадлага, туршилт хийж чаддаггүй, хүүхдүүд сургуулиас амьдрах ухааны мэдлэг авч чадахгүй байна гэв. Багш зэрэг чухал мэргэжлийн  босго оноог бууруулснаар  тухайн мэргэжил үнэгүйдэж байна. Эмч, багш нарын цалинг нэмж, ажлын байрны нөхцөлийг сайжруулах хэрэгтэй гэдэг саналыг ч тэд тавьсан. Багш болмоор байгаа ч ажилд орох үед нь цалин, хөлс нь энэ хэвээр байх вий гэж санаа зовж байгаагаа хэлж байлаа.  Дөнгөж төгссөн залуучуудаас ажилласан жилийн туршлага нэхдэг байдлыг өөрчилмөөр байна гэлээ. Нийгэмд төрийн сургуулийн сурагч, хувийн сургуулийн сурагч гэдэг ялгаатай ойлголт, тэгш бус байдал үүсчихлээ гэхчлэн байр сууриа илэрхийллээ. 
Зарим сурагч хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан инженер техникийн мэргэжил сонгон, ЭЕШ-д бэлдэж байгаагаа хэллээ.

Бусад мэдээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг эхлүүллээ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар

Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж, албажуулдаг реформ руу шилжье

Хувийн хэвшил асуудлыг гаргаж тавьдаг, төр дэмжиж, албажуулдаг реформ руу шилжье

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлц

Ариунзул С.
Ариунзул С.