fitness
  • 323 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-30

ГССҮТ-иин харьяа Түлэнхийн төвийн барилга бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болж өнөөдөр /2023-05-29/ нээлтээ хийлээ.   
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар, Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Альмутайри, Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Иман Абдулраззак, болон ЭМЯ, Сангийн яам, ГХЯ-ны төлөөлөл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд оролцов.



Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдсан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төв бүрэн ашиглалтад орж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Кувейт Улсын Засгийн газар, Кувейтийн санд талархал илэрхийллээ.



Ерөнхий сайд “Монголд эхэлсэн төсөл олон ч дуусгасан ажил цөөн байсаар ирсэн. Энэ байдалд дүгнэлт хийж, улсын төсөв шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж, өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зорилт дэвшүүлж, дутсан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид эхэлсэн төслүүд төсвийн 2-3 жилд бүтэн дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ. Энэ бодлогын хүрээнд 2021-2023 онд эрүүл мэндийн салбарт сүүлийн 10 жилтэй тэнцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн” гээд  Засгийн газрын хувьд цаашид эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарыг төрийн мэргэжлийн алба хэмээн үзэж, бодлогоор тууштай дэмжиж олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид эдгээр салбарт хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж ажилласан тохиолдолд санхүү, татварын таатай бодлогоор дэмжихээ илэрхийллээ.
Засгийн газар цаашид эрүүл мэндийн салбарын цогц шинэчлэлийг үргэлжлүүлж, хууль эрх зүй, эм эмнэлгийн хэрэгсэл, цалин, цахим шилжилт, эрт илрүүлгийн шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлж, Монгол хүний амьдралын чанар, хүний хөгжлийн үзүүлэлтийг олон улсын түвшинд нийцүүлэхээр зорьж байна. Эрүүл мэндийн цогц шинэчлэлийн хүрээнд 2022 оноос иргэн бүрийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулах тогтолцооны шинэчлэлийг эхлүүлж, одоогийн байдлаар нэг сая гаруй иргэн хамрагдаад буйг Ерөнхий сайд онцлоод эрт илрүүлгийн ажлыг улам эрчимжүүлэхэд онцгой анхаарахыг хүслээ.



Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсад жилд 6100 гаруй хүн түлэгдлийн шалтгаантай осол гэмтэлд өртөж байгаагийн 54 хувь, энэ шалтгаанаар нас барж байгаа тохиолдлуудын гуравны нэг нь 0-4 насны хүүхэд гэсэн сэтгэл эмзэглүүлэм статистик бийг дурдаад “Хэдийгээр түлэгдлийн шалтгаант осол гэмтлийн нас баралтын түвшин буурч буй ч тохиолдлын тоо цөөрөхгүй байгаа нь Түлэнхийн төвийг тусад нь байгуулах хэрэгцээ шаардлага байгааг харуулж буй юм. Багагүй урт хугацааны дараа 250 ортой, жилдээ 6000-7000 хүнийг хэвтүүлэн эмчлэх, 15 мянга гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ, 30 гаруй мянган хүнд яаралтай тусламж үзүүлж, 2500-3000 тохиолдолд мэс засал хийх хүчин чадал бүхий Түлэнхийн төв ашиглалтад орж, иргэд тохилог орчинд тусламж үйлчилгээ авахын зэрэгцээ эрүүл мэндийн ажилтнууд сэтгэл ханамжтай ажиллах орчин үеийн эмнэлэг нэгээр нэмэгдсэнд баяртай байна” хэмээгээд Монголын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан эмнэлэгт түлэнхий, осголт, хөлдөлтийн үеийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн Кувейт улсын Засгийн газар, Кувейтийн санд хувиасаа болон эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудынхаа өмнөөс онцгойлон талархал илэрхийлэв.
Тэрбээр мөн Түлэнхийн төвийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхээс гадна түлэгдэлт, осголт, хөлдөлтийн шалтгаант өвчлөл, нас баралтын дийлэнх хувийг урьдчилан сэргийлэх боломжтой тул энэ чиглэлээр хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эцэг эх, гэр бүл, албан байгууллага, салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хагжүүлэхэд Эрүүл мэндийн сайдын хувьд дэмжиж ажиллах болно гэсэн юм.
Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тус төв нь түлэнхий, гэмтэл согогийн яаралтай болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний есөн тасаг бүхий нийт 250 ортой, үндсэн А, Б блокоос бүрдсэн долоон давхар эмнэлэг юм.
Монгол Улсын Засгийн газар, Араб улсын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрийн дагуу тус сангийн 8.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2017 онд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцүүлэх, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилгын цогцолбор барьж, ашиглалтад оруулах шийдвэр гарсан билээ.  
2017 оноос хойш барилгын явц нэлээд удааширсан ч дотоод нөөц бололцоогоо ашиглан “Мөнгөн гүүр” эмнэлэгт хоёр жил орчим, ГССҮТ-д найман жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан тус төв өнгөрсөн оны долдугаар сард шинэ эмнэлгийн А блок ашиглалтад орсноор түлэнхийн тусламж үйлчилгээг өөрсдийн байранд үзүүлж эхэлсэн юм.



Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэмэлт санхүүжилтээр эмчилгээ, оношлогооны стандарт шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг иж бүрэн суурилуулсан төдийгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж чадавхижуулж, хүний нөөцийг бэлтгэн ажиллаж байна. 
Дашрамд дурдахад, сүүлийн арван жилийн хугацаанд осол, гэмтлийн яаралтай тусламж хоёр дахин, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ 1.4 дахин, мэс засал 1.8 дахин, амбулаторийн үзлэг тав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.



Тиймээс Түлэнхийн төвийн шинэ эмнэлгийн барилга бүрэн ашиглалтад орсноор гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг 24 цагийн турш харьяалал харгалзахгүй үзүүлж, гэмтлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг 25-30 хувиар нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдэл ч энэ хэмжээгээр буурах нэн чухал ач холбогдолтой юм.


Бусад мэдээ

Төв аймгийн 100 жилийн ойн наадмыг Ц.Батнайрамдал найруулна

Төв аймгийн 100 жилийн ойн наадмыг Ц.Батнайрамдал найруулна

Энэ жил Төв аймгийн түүхт 100 жилийн ой тохиож буй бөгөөд ирэх сарын 27-29-нд тэмдэглэхээр болжээ.Тэ

Д.Амарбаясгалан : 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөнтэй Засгийн газар эвлэрэхгүй

Д.Амарбаясгалан : 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3000 төгрөг хүртэл үнэ нь өссөнтэй Засгийн газар эвлэрэхгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан

Ариунзул С.
Ариунзул С.