fitness
  • 338 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-30

Өмнөд Ази, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар жил бүр Бүсийн төгсөгчдийн сургалт семинар зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн семинарыг "Бүтээн байгуулалт: Уур амьсгалд тэсвэртэй байдал ба ногоон эдийн засгийн сэргэлт" сэдвийн дор 2023 оны 5-р сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Бангладеш, Бутан, Энэтхэг, Мальдив, Балба, Пакистан, Шри Ланк, Монгол улсын 40 гаруй Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч 2023 оны төгсөгчдийн энэхүү бүс нутгийн чуулга уулзалтад оролцож байна.

“Монгол ба тус бүс нутаг дахь Aвстралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчид хувийн хэвшил, төр засаг, иргэний нийгэмд ажиллаж, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тэд хоёр талын харилцаа, хүмүүс хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж Монгол Улсад суугаа Австралийн Элчин сайд хатагтай Кэйти Смит тэмдэглэв.
 
Aвстрали хорь гаруй жилийн хугацаанд Монголд хөгжлийн туслалцаа үзүүлж байна. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр бол Монгол, Австралийн хоёр талын шилдэг хөгжлийн хөтөлбөр юм. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь гол төлөв Австралийн магистрийн хөтөлбөрт олгодог чадварт тулгуурласан тэтгэлэгт хөтөлбөр юм. 1993 оноос хойш 700 гаруй монгол хүн эрх тэгш, нэр хүндтэй, өөрчлөлтийг дэмжих Австралийн тэтгэлэг хүртээд байна. Австралийн тэтгэлэгийн суралцах, судалгаа хийх боломжууд нь хувь хүний өөрчлөлтийг удирдах, үндэсний хөгжлийн үр дүнд хувь нэмэр оруулах мэдлэг, чадварыг хөгжүүлдэг.

Элчин сайд Смит “Австралийн тэтгэлэгт хөтөлбөр мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн гэж үзэж, 2024 онд тэтгэлэг хүртгэгчдэд олгох тэтгэлэгийн тоог 15 хүртэл нэмэгдүүлэх болсныг мэдэгдэхэд таатай байна” гэж хэлэв.

"АВСТРАЛИЙН ТЭТГЭЛЭГ ХҮРТЭГЧДИЙН ТООГ 2024 ОНД 15 БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛНЭ"



Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Эйнсли Смит:
- Австралийн тэтгэлгээр суралцаж төгссөн найман орны 40 гаруй хүн Улаанбаатар хотноо уулзаж, танилцан, тодорхой асуудал, сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож буйд баяртай байна.  Илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэж, эдийн засгаа ногоон санхүүжилтээр сэргээхийг уриалж буй энэхүү уулзалт нь бид ирээдүйгээ тодорхойлох бас нэгэн боломж гэж харж байна. Энд ирсэн төгсөгчид байгаль орчин, цаг уур, сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийн чиглэлээр Австралид суралцаж төгссөн тул салбартаа танилын хүрээгээ олон улсын хэмжээнд өсгөхийн сацуу дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй асуудалд шийдвэр гаргахад манлайлах, шийдлийг тодорхойлж, хурдтай хэрэгжүүлэх боломж гарах байх гэж найдаж байна. Тэд бүгд Австрали Улсад суралцаж төгссөн, салбартаа манлайлагч учир  хамтраад гаргасан шийдвэр нь илүү оновчтой бөгөөд үр дүнтэй байна байх.

- Австрали, Монгол Улсын хамтын ажиллагаанд цаг уурын өөрчлөлтийн эсрэг, ногоон эдийн засгийг дэмжсэн ямар бодлого, төсөл хэрэгждэг вэ?
- Австрали, Монгол Улсын хамтын ажиллагаа урт хугацааны түүхтэй. Тодруулбал, өнгөрсөн жил бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийнхээ ойг тэмдэглэсэн бол 2023 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ой тохиож байна. Энэхүү олон улсын хурал маань тус ойтой давхцан зохион байгуулагдаж буйд баяртай байна. Саяхан Монгол Улсын 20 мэргэжилтэн сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Австрали Улсад богино хугацааны сургалтад хамрагдан туршлага хуримтлуулан  ирсэн. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр дэвшилттэй, ахицтай ажиллаж байгаа Австрали Улсын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг бий болгоно. Мэдээж хоёр улс энэ чиглэлд байнга хамтран ажиллаж, ахиц дэвшлийг бий болгоно гэж найдаж байна.

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ ДЭД БҮТЦИЙН АСУУДАЛ ИХ ЧУХАЛ”

2009-2011 онд Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Австрали Улсад тус улсын тэтгэлгээр суралцаж төгссөн, Мянганы Сорилтын сангийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн захирал Т.Хишигт
- Энэ жилийн уулзалтын гол сэдэв бол ногоон эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц, нийгмийн бүтцийг бий болгох бодлогын бичиг хэрхэн боловсруулах талаар хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахинд сүүлийн 20 жилд эрчимтэй үргэлжилж байна. Үүний гол шалтгаан нь мэдээж хүний үйл ажиллагаатай холбоотойгоор буюу агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгарч, дэлхийн уур амьсгалд өөрчлөлт орж, цаг агаарын гаж үзэгдлүүд нэмэгдэж байна. Монгол орон энэхүү өөрчлөлтөд маш ихээр өртөж, цөлжилт, хуурайшилт ихсэж, бэлчээр багасаж, үер усны аюул, шороон болон салхин шуурга ихэссээр....

Тиймээс дэд бүтэц бүхий байшин барилгыг байгалийн онц ноцтой үзэгдэлд тэсвэртэй болгох талаар онцлох болсон. Ногоон санхүүжилт, ногоон эдийн засгийг дэмжин нүүрс хүчлийн хий ялгаруулдаг технологийг багасгаж, ААН байгууллага төдийгүй иргэд эрчим хүчний хэрэглээг бууруулах арга хэрэгслийг илүүтэй ашиглаж, хэмнэлтээ бууруулснаар зөвхөн манай орон төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ямар арга зам байгаа талаар ярилцаж байна.

Өөрөөр хэлбэл бид энэ асуудлын хүрээнд санал бодлоо хуваалцан, өөрийн орны бодитой сайн туршлагаас хуваалцаж, цаашдаа 2030-2050 онд байгаль орчинд ээлтэй амьдрах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцэж байгаа юм. Австралийн Засгийн газрын тэтгэлгээр төгссөн төгсөгчдийн ихэнх нь улсынхаа төрийн болон хувийн хэвшилд ажилладаг ба  бид сурсан мэдсэн зүйлсээ нийгмийнхээ хэрэгцээт орон зайд хувь нэмрээ оруулах замаар ажилладаг.  

"УУР АМЬСГАЛЫН НӨЛӨӨЛЛИЙН ТАЛААРХ МЭДЛЭГТЭЙ ХҮН АМЬДРАЛАА, АМЬЖИРГААГАА УХАМСАРТАЙГААР БАТАЛГААЖУУЛЖ ЧАДДАГ"

Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгч, Бутан улсын иргэн Тшеринг Пенжор:
- Би Бутан дахь НҮБ-ын хөрөнгийн хөгжлийн санд ажилладаг. Бид уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй хүмүүс, орон нутгийн засаг захиргаа болон ард иргэдэд шууд хүрэх механизм болох "Орон нутгийн уур амьсгалд дасан зохицох сууц, байгууламж” санхүүжилтийг олгодог.

Уур амьсгалын өөрчлөлтөд орон нутгийн засаг захиргаа биш харин ард иргэд, хөдөө орон нутгийн иргэд хамгийн их өртөж байна. Тэгвэл асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх хэнд байна вэ? Мэдээж орон нутгийн засаг захиргаа бол орон нутагт тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг шийдвэрлэх үүрэгтэй.

Тиймээс бид орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж, уур амьсгалын санхүүжилтийг олгосноор авто зам, сургууль, эрүүл мэндийн байгууллага, усан хангамж, усалгаа гэх зэрэг дэд бүтцэд зарцуулан олон нийтийн хөрөнгө оруулалтыг уур амьсгалын өөрчлөлтөөс хамгаалахад зарцуулах боломжтой болно.  Тиймээс орон нутгийн гүйцэтгэлээр нь санхүүжилт олгодог. Энэхүү санхүүжилтийг 2010 онд Бутан, Камбож улсаас олгож эхэлсэн ба жагсаалтад бусад хөгжингүй 34 орон байдаг бөгөөд цаашид ч эдгээрийн тоо нэмэгдэх төлөвтэй байна.

- Та бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон нийтийн мэдлэгийг хэрхэн нэмэгдүүлдэг вэ?
- Сайхан асуулт байна. Дахин хэлэхэд энэ нь бас миний ажилтай холбоотой юм. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай ярихад хүлээн авах хүний ухамсар маш чухал юм. Уур амьсгалын өөрчлөлт биш харин уур амьсгалын нөлөөллийн талаар түлхүү ойлгуулах хэрэгтэй байдаг.

Мөн ард иргэд нь ухамсартай байвал нөлөө нь бага гэсэн үг. Жишээ нь, хэрэв уур амьсгалын эрсдэл, хүрээлэн буй орчны эмзэг байдлын талаар мэддэг тариачин хүн байшин барихаар төлөвлөж байвал үерт автаж болзошгүй тул голын эрэгтэй ойролцоо барихаас илүү аюулгүй газрыг сонгоно. Ингэснээр тэд амьдралаа, мөн амьжиргаагаа ухамсартайгаар баталгаажуулж чадна. Бид цаг уурын нөлөөлөл, эрсдэлийн талаарх мэдлэгийг олгохоор орон нутгийн засаг захиргаатай хамтран ажилладаг.

- Ингэхэд та Монгол Улсад анх удаа ирсэн үү? Монголд ирсний дараах сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?
- Онгоцны буудалд буух мөчид уулс, байгалийн тогтоц гээд эх оронтой минь ижил төстэй газар нутгийг харах нь надад сайхан санагдсан. Энд ирэхээсээ өмнө далайгаар хүрээлэгдсэн аралд байсан болохоор би гэрээ үнэхээр санасан байлаа. Тиймээс надад гэртээ ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн байх. Мөн зөрж өнгөрөх лам нар, үндэсний дээлтэй хүмүүсийг хараад яг л гэртээ байгаа мэт дотно санагдсан. Бидний ярьж байгаа хэл л өөр болохоос яг адилхан хүмүүс шиг, би өмнө нь энд ирж байсан ч юм шиг санагдаж байна. /инээв/

"Бүтээн байгуулалт: Уур амьсгалд тэсвэртэй байдал ба ногоон эдийн засгийн сэргэлт" чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ.

Бусад мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

МҮОНР-ийн “Нарны жим” УСК-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Гантулга нь өдгөө 30 гаруй дуу, найм

Шороон шуурганы улмаас автомашинд гэмтэл учирсан бол хохирлоо барагдуулж болно

Шороон шуурганы улмаас автомашинд гэмтэл учирсан бол хохирлоо барагдуулж болно

Шороон шуурга олон цагаар, хүчтэй шуурсны улмаас автомашины агаар шүүгчийг бөглөх зэрэг олон асуудлы

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.