fitness
  • 361 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-02

Цоо шинэхэн он эхэлж, цоо шинэхэн 365 өдөр бидний урд ирлээ. Энэ онд амьдралыг тань илүү эрч хүчтэй, илүү гэрэл гэгээтэй, илүү амар тайван, илүү гайхалтай болгох шийдвэр, үзэл бодол, өөрчлөлтүүдийг хүргэж байна. 

1. Шүүмжлэл хүлээн авч сурах. Ямар ч шүүмжлэлийг шууд өөртөө тусган авалгүй "авах гээхийн ухаан"-аар хандахад суралцаарай. Өөрийн алдаатай буруу зүйлээ хүлээн зөвшөөрч, илүү сайжруулахад шүүмжлэл туслах болно. 

2. "Хортой" хүмүүсээс холдож, илүү хүчтэй байх. "Toxic" хүмүүс танд халдаж, таныг шархлуулж, өвтгөж чадахааргүй хүчирхэг нэгэн байхад хүчин чармайлт гаргаарай. Тэднээс холдож, өөрийгөө хамгаалж сурахад амьдрал ямар гайхалтайг бид анзаарч эхэлдэг.

3. Хайртай хүмүүстээ хайртайгаа хэлж байгаарай. Заавал төрсөн өдөр, баяр ёслолоор хайртайгаа хэлэх албагүйг санан боломж олдох бүрт эргэн тойрны дотны хүмүүсээ өөрийнхөө хувьд чухал, үнэ цэнтэй нэгэн болохыг нь сануулж байгаарай. Тэгвэл бид юунд ч харамсахгүй шүү дээ. 

4. Зорилгоо бодит үйл хэрэг болгоход хэзээ ч оройтдоггүйг санах. Зорилго төлөвлөгөө гаргаж, мөрөөдөх үнэхээр сайхан ч яг одоо шийдвэр гаргаж, өдөр тутмын бодит үйл хэрэг болгохоо мартуузай. 

5. Амьдралаа ойрын нэг сар, нэг жилээр бүү хязгаарла. Илүү холыг харж, илүү томыг мөрөөдөж, илүү том далайд зориулан өөрийгөө бэлтгээрэй. 

6. Таны эрч хүч, энергийг сордог хүмүүсээс холд. Хамт байхад аятайхан хэрнээ уулзаад явсны дараа нэг л ядарчихсан, нэг л сэтгэлээр уначихсан байдаг, таны эрч хүчээр өөрийгөө цэнэглэдэг хүмүүсээс бага багаар холдоорой. Аваад л байдаг хэрнээ өгдөггүй харилцаанаас та удахгүй залхах болно. 

7. Дасгал хийгээрэй. Дасгалыг заавал фитнесс сургалтын төвд явж байж сурна гэж бүү хүндрүүл. Өөртөө хэт өндөр ачаалал хүлээлт өгөлгүй багахан зүйлсээс эхлээрэй.

8. Дурламаар хоббитой болоорой. Үргэлж хийхийг хүсдэг ч хэзээ ч хийж амжаагүй, чадаагүй хоббиндоо энэ онд бодит цаг хугацаа зарцуулаарай. Би хийсэн зүйлдээ биш хэзээ ч хийгээгүй зүйлдээ хамгийн их харамсдаг юм шүү.

9. "Мөрөөдлийн" мэт санагдсан зүйлээ шууд л эхэл. "Хэзээ ч тэнцэхгүй байх даа" гэж бодсон мөрөөдлийн ажилдаа анкетаа шууд явуул. Тэнцээгүй ч өөр нэгэн гайхалтай боломж танд нээгдэх болно.

10. Сошиал медианд хэт их цаг зарцуулахаа боль. Ялангуяа та сошиал медиагаас юу ч сурдаггүй, үргэлж л хов жив, хэрэгтэй хэрэггүй зүйл хардаг мэт санагддаг бол шууд л цагаа багасгаж, өөр чухал зүйлст цаг зарцуул. Таныг утсаа шагайсан шагайгаагүй тэр доторх мэдээлэл хэзээ ч дуусахгүй.

11. Өөрийн алдаагаа хүлээж сур. Өөр нэгэнд алдаагаа тохох, өөрийгөө өрөвдөхөө зогсоож, үнэнч шударгаар өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч сураарай. Хүлээн зөвшөөрөх үед тийм ч хүнд хэцүү санагдахаа болих болно. 

12. Өөрийгөө "хүн" гэдгээ санаарай. Хүн бүхэн алддаг, алдаанаасаа суралцдаг. Өнгөрсөнд юу ч болсон бай, одоо хэн байхаа та өөрөө шийднэ. 

13. Төлөвлө. Мөрөөдөл зорилгоо биелүүлэхийн тулд яг одоо бодитой төлөвлөөрэй. Төлөвлөхгүй л бол мөрөөдөл хэвээрээ л байх болно. 

14. Өөртөө таларх. Гадаад төрхөө хайрлаж, өөрийн цор ганц давтагдашгүй дүр төрх, бие махбодоо хайрлан энэрч, талархаж сураарай. Таны нүүрний сэвх, үрчлээс, шарх сорви ч таныг цор ганц болгодгийг санаарай.

15. Нууцаа хуваалцах найзаа хайрлаарай. Хэнд ч хэлэмгүй нууцаа ч ярилцдаг, чин сэтгэлээ нээдэг дотны найзтай бол түүнийгээ хайрлаарай. Хэрвээ хараахан байхгүй бол өөрөө эхлээд бусдын сэтгэлийг шүүлтүүр, шүүмжлэлгүй сонсдог уужуу ухаалаг нэгэн болоорой. 

16. Ном унш. Гартаа ном барьж, түүнийг мэдэрч, хуудас хуудсаар нь эргүүлэн, бодол мэдрэмжээ тэтгэх шиг таны зүрх сэтгэлийг илүү ухаалаг, саруулхан болгох зүйл үгүй ээ. "Нэг л ном уншаад амьдрал минь өөрчлөгдсөн" гэх үгийг санаарай. 

17. Өөрийнхөө төлөө бат зогс. Үзэл бодлоо хамгаал, дургүй зүйлдээ үгүй гэж хэл, утсаа тасла, тэндээс гараад яв. Хэрэлдэж маргалгүй өөрийгөө баталж, ухаалгаар мэтгэлцэж, бусдад өөрийгөө ойлгуулж сураарай. 

18. Утсаа ширтэхээ боль. Найзууд, гэр бүл, дотны хүмүүстэйгээ байхдаа утсаа ширтэхээ болиод дууг нь хаагаад мартаж сур. Одоо цагтаа амьдарч, уйтгартай ч гэмээр нэгэн хэвийн зүйлсээс гоё сайхныг өөрийн нүдээр олж хар. Найзтайгаа ярихдаа нүд рүү харж, түүний харцнаас уй гунигийг нь олж хараад зүрх сэтгэл рүү нь өнгий. Хайртай хүнтэйгээ утсаар биш бодитоор харьцаж, одоо цагтаа хайрла. 

19. Уучлал гуйж сур. Чин сэтгэлээсээ уучлал гуйж, бусдыг уучилж, уучлагдаж, өөрийгөө ч уучилж сураарай. Бид уучлал гуйж чадаагүйгээсээ болоод сэтгэлдээ хүндрүүлэн бодож, шаналсаар явдаг. Гэвч уучлалын дараа та тийм ч хүнд зүйл биш болохыг нь ойлгох болно. Уучлалын дараа бид илүү ухаалаг нэгэн болсон байдаг. 

20. Сайхан сэтгэл хэзээ ч бурууддаггүйг санаарай. Бусдад туслахад бид өөрсдөө ч тэр тусыг хүртдэг юм шүү. Амьдралыг, эргэн тойрноо ямар нүдээр харна, танд тэгж л харагдахыг санаарай. "Буддагийн нүдэнд хүн бүхэн Будда" гэдэг дээ... 

21. Баярлаж, талархаж, амьдралыг "амьд"-аар мэдрээрэй. Та хэнд ч өргүй. Ирээдүй, одоо цагаа бүтээж, юу ч хийж, ямар ч мөрөөдлөө биелүүлэх ур чадвар, боломж бололцоо, эрх чөлөө танд бий.

Illustrations: The New York Times 



    Бусад мэдээ

    Иргэд, доноруудыг Цагаан сарын баяраас өмнө цусаа өгөхийг уриаллаа

    Иргэд, доноруудыг Цагаан сарын баяраас өмнө цусаа өгөхийг уриаллаа

    Жил бүрийн хоёрдугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяртай холбоотойгоор амралт, хоол хүнсний

    Орано компанийн борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулахаар протоколд тусгасан

    Орано компанийн борлуулалтын орлогын 50-аас доошгүй хувийг Монголын банкаар дамжуулахаар протоколд тусгасан

    Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрэ

    Ариунзул С.
    Ариунзул С.