fitness
  • 348 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-04

Статистик мэдээллээр одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхийн 71.6 сая мал байна. Малын тоо толгой жил бүр өсч байгаатай холбоотойгоор Монгол Улсын махны экспорт нэмэгдэж байгаа юм. Мөн сүүлийн жилүүдэд нийт нутгийн өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа. Тиймээс энэ талаар ХХААХҮЯ-ны хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Энхжаргалаас тодрууллаа.

Тэрбээр, жил ирэх тусам малын тоо толгой өсч зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай болсонтой  холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2017 онд гаргасан 318 дугаар тогтоолд “Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас, үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсөн байдаг.

Монгол Улс 2022 оны байдлаар нийт 11 улс руу 14.3 мянган тонн махыг 44.8 сая ам.доллараар экспортод гаргасан.

Үүнээс адууны 6.4 мянган тонн махыг 18 аж ахуй нэгжид бэлтгэн нийт 19.8 сая ам.доллараар, ямааны 3.6 мянган тонн махыг 19 аж ахуй нэгжид бэлтгэн нийт 10.7 сая ам доллараар экспортоор гаргаад байна.

Түүнчлэн дулааны аргаар боловсруулсан үхэр болон хонь, ямааны мах 3.8 мянган тонн махыг 11 аж ахуй нэгжид  13.7 сая ам доллароор бэлтгэж экспортолсон. Мөн малын дайвар 0.2 мянган тонныг долоон аж ахуйн нэгжид 0.2 сая ам.доллараар экспортлоод байна.

Мах экспортод гаргадаг Казахстан, Киргизстан, ОХУ, Япон, БНХАУ, Азербайжан, Иран, Катар, Хонконг, Узбекстан, Вьетнам 11 улсаас Хятад руу л дулааны аргаар боловсруулсан мах нийлүүлдэг. Харин амьд малын тухайд 15.4 мянган толгой хонь, 5.4 мянган толгой ямаа нийт 20.8 толгой бог малыг 1.7 сая ам.доллар олсон байна.

13 АЙМГИЙН 160 СУМАНД ЗУДЫН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА

Энэ жилийн өвөл, хавар 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих нөхцөл байдал үүссэн. Отроор өвөлжих малчин, малын тоо өмнөх оноос 2.2 мянган айл өрх, 1.1 сая малаар өсчээ.  Зудын эрсдэлийн дүгнэлтээс үзвэл, нийт нутгийн 60 шахам хувьд их эрсдэлтэй, 30 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 хувьд бага эрсдэлтэй гэсэн цаг агаарын эрсдэлийн дүгнэлт гарсан байна.

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий зэрэг 13 аймгийн 160 суманд зудын эрсдэл их байгаа.

Аймаг, сумдын нутагт 99.8 мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 87.9 мянган өрх 30.4 сая мал орон нутагтаа, 11.9 мянган өрх буюу 5.5 сая мал отроор өвөлжиж буй юм байна. Цагийн байдал хүндрэл эрсдэлтэй, зудын эрсдэл нэмэгдэх аймаг, сумдын тоо цаашдаа өсөх хандлагатай байна.

Зүүн аймгуудын нутгаар цас багатай, говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг их байгаа гэж байгаа боловч баруун аймаг нь зун ургамал, өвсний гарц муу байсан аймаг орон нутгуудад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Мал аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хүлээн авахад, малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15.0 мянган тонн, ногоон тэжээл 88.0 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг тус тус бэлтгэсэн байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн 84.5 хувийг эзэлж байгаа гэлээ.

ГАРАЛ ҮҮСЛИЙН БИЧИГГҮЙ ОТОРЛОДГООС МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧИНД ӨРТӨХ ТОХИОЛДОЛ ГАРДАГ

Багануур дүүрэгт өвөлжиж отроор нүүдэллэн өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын Хуцаагийн ам гэх газрын малчин айлаас малын гоц халдварт, бог малын мялзан өвчин 2022 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр илэрсэн нь тогтоогдон хорио цээрийн дэглэмд шилжүүлээд байгаа.

Мялзан өвчин үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Мөн малын ойрын хавьтал, халдвар авсан малын ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үедээ халдвар авдаг. Гадна орчинд тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирдож дамждаг. Халдвар авсан үед халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болор мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдгээр илэрдэг байна.

Тухайн жилийн зуншлага хэр байснаас хамаарч шилжин оторлох аймаг сумд хоорондоо гэрээ хийдэг. Тухайн гэрээнд үндэслэн малын гарал үүслийн гэрчилгээ үйлддэг. Тэр бичиг нь эрүүл бүсээс эрүүл бүс рүү мал оруулах эрхийг олгож байгаа юм. Гарал үүслийн бичиг авалгүй, өөрсдөө дур мэдэн оторлож очдогоос мал нь гоц халдварт өвчинд өртөх тохиолдол гардаг. Эсвэл сэжигтэй бүс рүү орох тохиолдолд бий. Тэгэхээр энэ бүгдийн урьдчилан сэргийлэх зорилгоор малын гарал үүслийн гэрчилгээг шаарддаг болсон юм.

Мөн отроор очсон үед нь мал эмнэлгийн тархвар зүйн асуумж гэдэг зүйлийг шалгадаг. Тэгэхээр тухайн аймаг, суманд сүүлийн гурван жил малын гоц халдварт өвчин гарсан эсэхийг мэднэ. Мөн тухайн мал сүрэгт клиникийн үзлэг хийсний үндсэн дээр отрын айлуудыг оруулдаг. Малчид маань малын гарал үүслийн гэрчилгээгүйгээр шилжин суурьшнаас эрсдэлд ороод байна.


Бусад мэдээ

"Тэр" бол "Шүдний өвчлөл"

"Тэр" бол "Шүдний өвчлөл"

Эрүүл мэндийн яамны албан ёсны цахим хуудаст хоёр өдрийн өмнө ““Тэр” өвчлөл дэлхийд хамгийн өргөн та

Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын

Ариунзул С.
Ариунзул С.