fitness
  • 985 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-05

 

Сүхбаатар аймгийн Улсын Аварга малчдын нэгдсэн холбоо

Р.Мөнхтөр:

1997 ОНД АНХ МАЛ ДЭЭР ГАРЧ, БҮХ МАЛЧНЫ АРД ЗОГСОЖ БАЙСАН БОЛ ӨНӨӨДӨР ТЭДНИЙ ЭГНЭЭНД ЖАГСЛАА

ЯРИЛЦСАН: Д.УЛААНАА


Малчин хүн 1000 мэргэжилтэй гэдэг. Энэ утгаараа малын эмч, малчин, номын их хүн гээд олон төрлийн мэргэжилтэй хүнтэй та бүхний уулзуулах гэж буйдаа сэтгүүлч миний хувьд баяртай байна. Энэ хүн бол Монгол Улсын дөрвөн том цолыг эзэмшдэг. Тухайлбал, Монгол Улсын Алдарч уяач, Монгол Улсын Гавьяат малчин, Монгол Улсын хошой Аварга малчин, Монгол Улсын Манлайлагч малчин, Монголын мал аж ахуйн академийн хүндэт профессор, Монголын мал аж ахуйн академийн эрдмийн зөвлөлийн гишүүн юм.  Р. Мөнхтөр нь малын эмч мэргэжилтэй бөгөөд 1982 оноос мэргэжлээрээ ажиллаж байгаад, 1997 оноос мал аж ахуй дээр гарсан. Өдгөө сум орон нутгийнхаа хэмжээнд 44 төрлийн сайн ажлыг хийж хэрэгжүүлээд байгаа юм. Саяхан Сүхбаатар аймгийн Улсын аварга малчдын нэгдсэн холбоог байгуулсан бөгөөд холбооны анхны зөвлөгөөнөө хүртэл хийгээд амжсан байна.

 

-Сүхбаатар аймгийн Улсын аварга малчдын нэгдсэн холбоог яагаад байгуулах болов?

-Хэдэн жилийн өмнөөс холбоо байгуулах юм сан гэж бодоод, ганц хоёр хүнд санал тавьж байсан. Энэ жил Монгол Улсын гавьяат малчин цол аваад, 10 гаруй хоногийн дараа холбоогоо байгуулсан. Гавьяат аваад л хүмүүс чинь найр хурим хийдэг. Харин миний хувьд, холбоо байгуулах ажилдаа шууд орсон. Аймагт хамгийн олон улсын цолтой хүмүүс бол малчид байдаг. Тэгэхээр энэ улсууд ард түмэндээ үлгэрлэх ёстой, хувь хүн болон байгууллагуудад тусламж дэмжлэгээ үзүүлж, төр засгийн хууль дүрэмд саналаа хэлдэг байх хэрэгтэй шүү дээ. Холбооныхон маань жилдээ 1-2 удаа уулзана. Хүн хаана хэрэгтэй байна тэндээ төрдөг гэж үг бий. Улсын өндөр цолонд хүрсэн болохоор аймаг сумандаа чадлынхаа хэрээр тус дэмтэй байх хэрэгтэй. Малаа маллаж чадсан улс чинь оюуныхаа цар хүрээг нэмэх ёстой. Тал талын ийм санаа бодолд хөтлөгдөн холбоогоо байгуулаад байна.

-Сүхбаатар аймагт улсын аварга малчид хэд байна. Холбоонд элсээч ээ гээд урилгаа явуулахад яаж хүлээж авав?

- Аймгийн хөдөө аж ахуйн газартай хамтран, бүх малчдад урилга явуулсан.  Сумдын засаг дарга нар руу албан тоот явуулсан. Үүний дагуу  Сумдын дарга нар хариуцах мэргэжлийн хүмүүс нь тэр хүмүүс болон 40 гаруй малчид ирж,  анхны зөвлөгөөнөө өнгөрсөн зун буюу найман сарын 24-нд Халзан сумын Дөхөм багт буюу  өөрийнхөө гэрт зохион байгууллаа.

-Чуулганаар ямар асуудлыг ярьсан бэ?

-Би илтгэл тавьсан. Үүндээ “Та нар бол мал маллахыг хэнээр ч заалгахгүй улс. Тэгэхээр би та нарт мал маллахын заахгүй ээ”  гэж хэлээд, хийсэн 44 ажлаа танилцуулсан. Малчид шүүмжлээгүй. Аварга малчид маань малын тоон дээр анхаарах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Монголын болон дэлхийд хамгийн дутагдалтай байгаа үхрийн махны чиглэлээр түлхүү малаа өсгөх хэрэгтэйг ч тэдэнд сануулсан.

Их зохиолч О.Дашбалбар: Амжиж чи алдрын тавцанд амжиж хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг... гэж хэлсэн байдаг. Энэ үгийг амьхандаа бодож хэлсэн.

-Малчин хүн 44 төрлийн ажил хийсэн гэхээр том тоо сонсогдлоо. Та манай уншигчдад энэ ажлуудаасаа танилцуулаач?

-Жишээлбэл, Би дээр үеийн хот айлын системээр ажиллаж байсан. Хонины хот айл, адууны хот айл, ихэр малыг тэжээдэг айл, бог мал тэжээдэг айл, бод мал тэжээдэг айл гэх мэт. Эмчилгээ тэжээлийн цэг гэж ч байгуулж байлаа. Зуд турьханд тэсвэргүй байх болов уу гэсэн малыг авчирч эрчимтэй тэжээдэг хэсэг л дээ. Одоо би 60-аад дэвтэр дээр бүх зүйлээ тэмдэглэсэн. Монголын шилдэг сэхээтнүүдийн хэлсэн 30 мянган үгийг цуглаалаа. “Бурхан зохиогоогүй тарни” гээд ном хэвлүүлэв. Ирсэн зочдыг амраадаг дөрвөн гэр барилаа. Хашаа хороогоо сайжруулав. Жилдээ 400-500 зочин манайд ирж байна. Энэ улсуудаас үг сонссон болохоор би хоцрогдлын туйл руу очихгүй яваа юм.

 

-Танайд яагаад ийм олон зочин ирдэг юм бол?

-Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, 2019, 2021 онд айлчлалаар ирж байсан. Тэр хүн хэлэхдээ, “Би энэ айлыг онцлон хоёр дахь удаагаа ирж байна. Энэ хүн өнөө цагийн бэлчээрийн мал аж ахуй, малчин хүний уламжлал, ард түмний уламжлал, үлгэр дуурайлал болсон зүйлийг ярьдаг. Энэ хүнтэй үг солих гэж, үг ярих гэж би ирдэг” гэж хэлж билээ. Монголын их л олон телевизээр ярилцлага өгсөн дөө. Фейсбүүкт идэвхтэй санал бодлоо бичдэг. Энэ бүхнээс мэдээлэл авсан болохоор өнөөдөртэй надтай уулзаж,  амьдралын талаар, мал хэрхэн өсгөх талаар ярья гэж зочид ирдэг болов уу.  Ажил мэргэжил өөр ч байсан амьдрал эцэстээ нэг л цэг дээр очдог.

-Улсын аварга малчдын нэгдсэн холбоог та байгуулжээ. Анхныхаа зөвлөгөөнийг хийсэн байна. Таван жилийн дараа ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна вэ?

-Манай малчид мал маллаж, амьдрал ахуйгаа сайн авч явж чадаж байна. Одоо оюунлаг тал руугаа бодож, сум аймаг ард иргэддээ туслах хэрэгтэй. Дуулсан мэдсэнээ хэлдэг, хүнд өглөг буян хүч тамираараа тусалдаг чанар чухал. Монгол Улс хөгжиж байна гэж ярьдаг. Хүн байх, нэгнийгээ дэмжих гэдэг зүйл хоцрогдоод байна. Улс орон хөгжиж мэдлэгтэй боловсролтой байгаа бол хамгийн их дээдлэх юм нь нутаг шүү дээ. Ихэнх хүн өөрийнхөө амьдралыг яаж сайн болгох вэ, авгай хүүхдээ яаж тэжээх вэ л гэдэг. Монгол орныг яаж сайхан болгох вэ, ард түмэндээ хэрхэн туслах вэ, яаж дэмжих вэ гэдэг сэтгэл төрвөл, алсдаа, цаагуураа бүх зүйл бүтээд явна.

-Энэ сэтгэл зүйг л холбоонд элссэн малчдад ойлгуулах юм байна гэж ойлгож

болох уу?

-Дэмтэй, тустай хүн нь хүнээ гэдэг сэтгэлгээ л чухал. Тэрнээс биш малчид холбоо байсан ч байгаагүй ч өөрийнхөө амьдралыг аваад явчихна. Асар их хүч, нөөц бололцоо, хөрөнгө байгаа. Тэгтэл тэрийг арай муу л гаргаж байна. Зөвхөн өөрийнхөө тал руу, хүүхэд рүүгээ гаргаж байна.

-Та адилхан л малчин хүн. Тэр хүмүүсээс юугаараа илүү вэ?

-Илүү гэж хэлэхэд хэцүү. Би өдөр бүхэн юм уншдаг, юм бичдэг, шинэ юм сурахыг хичээдэг. Төлөвлөгөөтэй ажилладаг. Энэ л илүү болов уу. Хайрлах юм олон боловч халуун амийг хамгаас илүү хайрлана. Харамлах юм олон боловч, алтан цаг хугацааг хамгаас илүү харамлана. Олддог юмыг харамлаад хэрэггүй юм билээ. Алтан цаг хугацаа бол хэзээ ч ахиж олдохгүй. Алтан цаг гэдэг зүйлийг яаж хайрлах уу, хамгаалах уу гэдгийг өдөр бүр төлөвлөгөөтэй ажиллана. Төлөвлөнө гэдэг чинь цаг хэмнэнэ. Төлөвлөгөөгүй бол цагийг асар буруу өнгөрөөдөг. Нэгэнт төлөвлөчихсөн бол орох газраараа орж, авах юмаа л авна шүү дээ. Би хотод очихоороо өнөөдрийн амьдралд хэрэгтэй, заавал унших номыг олж өгдөг хүнтэй. Ямар хэрэгтэй ном гарч байна, тэр номыг чи олж өгнө шүү гээд хэлчихдэг юм.

-Ирэх жилийн зөвлөгөөнөөр илтгэгч нь та байх уу. Өөр ямар нэгэн юм бодсон уу. Богино хугацаанд өөрчлөлтийг авчрахын тулд юу хийх ёстой гэж төлөвлөсөн бэ?

-Лекторуудыг урина. Хувь хүний сэтгэл санааг өөрчилдөг хүмүүсийг голдуу яриулна. Хувь хүн хөгжихгүйгээр улс орон хөгжихгүй. Асар их эрдэнэстэй баялагтай орон баян биш. Хүн ард нь оюунлаг байвал тэр орон хамгийн баян гэж тодорхойлсон нь бий. Ийм улс бусдаасаа арай илүү сэтгэдэг, илүү хөдөлмөрлөдөг. Илүү болоод цолонд хүрсэн байгаа. Бусдаас илүү хөдөлмөрлөж, илүү амьдарч байна, энийг нөгөө тал руугаа яаж хүртээх вэ. Тэр талдаа яах вэ гэсэн  чиглэл рүү явъя гэж бодсон.

-40-өөд малчдын хандлага чуулганы үеэр ямар байв?

-Тэднийг идэвхтэй малчид гэж нэрлэе гэж бодсон. Адилхан малчин байж, урилга явуулаад байна очиж үзье, сонирхъё гээд ирцгээсэн. Баяндэлгэрийн нэг малчны гэргий “Нөхөр хурал зөвлөгөөнд явлаа гэхэд бид нар үнээ малаа саана, ард талын ажлаа даагаад үлддэг. Ямар юм болдгийг үзэх гэж нөхөртэйгөө ирсэн. Ирснээрээ их юм харж, сонслоо. Бие биедээ туршлагаа ярьж, уулзаж танилцаж, явах нь зөв юм” гэж хэлсэн.

Ирсэн малчид нэлээн юм ойлгоод буцсан. Монгол Улсын ерөнхийлөгчид уламжилтал гарын бэлэг ирсэн байв. Хүлээн авалт болсон. Сэтгэл өндөр буцсан.

Холбооны гишүүд жилийн сая төгрөгийн хураамж төлнө. Халзан сумын Баттулга гээд малчныг цалинтайгаар авч ажиллуулан, бичиг хэргээ хариуцуулахаар болсон.

-21 аймагт өөр ийм малчдын холбоо байдаг уу?

-Хөдөө аж ахуйн яамнаас холбогдох хүмүүс нь ирсэн. Наран ургах зүгээс анхдагч малчдын холбоо болж байна гэж хэлж байна лээ.

-Нэгтгэж холбоо байгуулж, зааж зөвлөнө гэдэг бол нэлээн чадвар шаардана. Та мал аж ахуй дээр гараад хэдэн жил болж байна вэ?

-Би малын эмч мэргэжилтэй. Мал аж ахуйн бригадын дарга хийж байсан. Малчинтай, малтай холбогдож байгаа асуудлуудыг 1982 оноос хойш шийдэж, малын бага эмчээр ажиллаж, малчидтай ойр явсан. 1997 оноос гардаж мал аж ахуй эрхлэх болсон.

-1997 оноос өнөөдрийг хүртэлх туршлагаас харахад, таны мал аж ахуй эрхлэх гол арга барил нь юу вэ?

-Мал маллана гэдэг хэцүү. 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл суралцаж л явна. Одоогоор 60 дэвтэр биччихлээ гээд байгаа шүү дээ. Энэ бол мал аж ахуй гээд амьдралд хэрэгтэй зүйлс. Хөдөлмөрийн баатруудын номуудыг уншсан. Зундуйн Очирын туршлага гэдгийг уншиж ойлголоо. Ховдын Цогтгэрэлийн ном, Самбуу даргын малчдад өгөх сануулга зөвлөгөө гээд номуудыг уншлаа. Аймгийн төв болон хөдөөгийн гэртээ номын сантай боллоо. Алдаа онооноос амьдралаас сурна гэдэг хамгийн үнэн юм. 1997 онд анх мал дээр гараад монголын бүх малчдын ард жагслаа гэж хэлж байлаа. Өнөөдөр малчдынхаа эгнээнд очсон байна. 2002  онд морь уяач болсон. Мөн л бүх л уяачдын ард зогссон. Өнөөдөр эгнээнд нь очсон байна. “Суръя, мэдье” гэвэл болдог юм байна. Хүн ганцхан ажлыг гарцаагүй сайн хийж сурах ёстой юм байна. Олон ажлыг хүн оромдож сурдаг юм байна.

-Та ямар ажлыг хамгийн сайн сурсан бол?

-Бусдаас арай илүү юм 60 дэвтэрт тэмдэглэл хийж, номын сантай болтлоо ном уншиж цуглаана гэдэг илүү байжээ. Бүх юм төлөвлөгөөтэй явсны хэргээр их ажил амжуулжээ. Архи, тамхи, тоглоом гурвыг эргүүлэх цаг надад олдсонгүй. Юм сурна гэдэг бол Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт үйлдвэр юм байна. Энэ үгийг ярьснаар олон хүнд тоогдож, олон газарт уригдлаа.

-Хаана хаана очиж байв?

- Монгол Улсын малчдын их хурал болоход, ганцхан малчин илтгэл уншина, тэрийг та уншина гээд яамнаас бичиг ирэх жишээтэй.

-Төлөвлөгөөтэй ажилладаг гээд хэллээ. Жилийн дөрвөн улирлыг төлөвлөгөө манай уншигчдад сонин болов уу?

-Өдөр бүр төлөвлөгөөтэй ажиллана. Өглөө эрт сэрнэ, үхрээ тууна, гэрээ цэвэрлэнэ гэх мэт. Аймаг руу явлаа гэхэд, эхний ээлжид ийм юмнуудыг авна гэж төлөвлөнө. Жишээлбэл, хот руу очиход, хөдөө аж ахуйн яамнаас надтай уулзъя гэхээр нь надад уулзах зав байхгүй. Би ийм төлөвлөгөөтэй байгаа гэж хэлсэн. Эхлээд эмнэлэг, амралт сувилал. Уулзах хүн, ном дэвтэр цуглаах гэх мэт.

-Манай малчдад өөрсдөөс нь шалтгаалж буй ямар асуудал тулгамдаад байна вэ?

-Юм элбэг боллоо. Одоо цагт зуд гэж байхгүй. Зудтай толгойтой малчин, зудгүй толгойтой малчин гэж бий. Хатуухан хэлэхэд, хүн бүхэн өөрийгөө ухаантай гэдэг. Үнэхээр ухаантай юм бол муу амьдрах, ядуу амьдрах ёсгүй. Ерөнхийлөгч ирэхэд би “Сайхан монгол орныг олж төрөх нь л дээд хувь заяа” гэж хэлж байлаа. Аав, ээж нь эрүүл саруул өсгөөд өгөхөд боллоо. Өнөөдөр 24 цагаа бүрэн эзэмшиж чадаж байгаа бол боллоо. Энэ гурван зүйлийг эзэмшиж байгаа бол муу амьдрах ёсгүй.

Улсын хариуцлагатай ажил хийж байгаа хүмүүс бол алдах эрхгүй юм. Алдвал монгол орон хохирно. Малчин хүн алдахад хэдэн мал нь хорогдоно биз гэж хэлж байсан.

Хүн 2-3 авдартай юм байна.Оюун ухааны авдар гэсэн юмандаа жаахан юм олоод хийчихвэл хаана ч байсан газардахгүй.

-Танай холбоонд яаж элсэх вэ?

-Сайн дураараа элсэнэ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэдэг шиг.

-60 дэвтэр юм тэмдэглэж байсан зүйлээ байнга харах уу?

-Байнга харна. Миний орны толгой дээр гэрэл байна. Өглөө оройдоо байнга юмаа харна. Хүний эхнэр айл хэслээ, малаа хариулсангүй гэж загнадаг бол манай эхнэр намайг орж ирээд л ном харлаа, амьд юм ярихгүй гэж загнадаг.  

Ирсэн зочныг бүртгэдэг дэвтэр ч гэж бий. Сэтгэгдэл нь сайхан төрж байж, хүн эргэж ирнэ. Жилийн дөрвөн улирал эндээ байна. Муу малчны хаяа өвсгүй, муудсан малын гүзээ үсгүй. Хаяандаа чөдрийн морь тавих өвсгүй бол муу малчин.

 

-Залуучууд Монголд бүтэхгүй байна. Гадаад явъя гэж байна. Та энд дээр юу гэж бодож байна. Монголдоо сайхан амьдрах боломж бий юу?

-Боломж байгаа. Монгол орныг олоод төрчихсөн л бол болоо. Өөр хүсэх зүйлгүй.  Монгол улсын Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай: “Аньсан нүдний дэргэд харсан нүд байхад амар амгаланг олно” гэж хэлсэн байдаг. Хүн үнэхээр ухаантай бол муу амьдрах ёсгүй. Хүний амьдрал оюун ухаанаас л шалтгаална. Оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийдэг. Өдөр бүр юм унших нь миний хобби болоод байна.

Танд баярлалаа.

 

Бусад мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ хөрөнгө оруулагчдад илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын О

Халал аргаар бэлтгэсэн Монгол хонины махыг Эмират улсад нийлүүлж эхэллээ

Халал аргаар бэлтгэсэн Монгол хонины махыг Эмират улсад нийлүүлж эхэллээ

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-д халал аргаар бэлтгэсэн махыг Монгол Улсаас экспортлох ажиллагаа а

Ариунзул С.
Ариунзул С.