fitness
  • 624 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-27

Хэдэн онд Кино Урлагийн Дээд сургуульд элсэн орсон бэ?

1998 онд Төрийн Соёрхолт Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Сумхүүгийн урланд орж 2002 онд кино найруулагч мэргэжлээр төгссөн дөө.

Кино урлагийн салбарынхаа хүрээнд юу хүсч мөрөөдөж явдаг вэ?

Кино үйлдвэртэй болохыг хүсдэг. Манайд дутагдалтай байгаа хүчин зүйлсүүдийн нэг нь мэргэжлийн кино үйлдвэр юм. Одоо байгаа нь жаахан дутагдалтай зүйлсүүдтэй.Зөвхөн миний ч гэлтгүй манай салбарынхны бүгдийнх нь л хүсэл дээ.

Таныг УБ хотын унаган хүүхэд гэхэд буруудахгүй байх. Мах комбинатын жаалхүү идэр насан дээрээ иржээ. Таны хувьд хотжилт гэж юу вэ?

Зүгээр л нийгэмшил болоод соёл юм. Орчин үеийн соёл гэх нь зүйтэй байх. Тэрнээс манай нүүдэлчин соёл гэдэг бол агуу өөр зүйл. Үүнээс нийгэмшилт ургана.

Найруулагчаас гадна зохиолч хүн гэдгийг мэдэх юм. Зохиолын санаа ургаад бичиж эхлэх үе болоод зохиолоо дуусгаад ханах үеийн мэдрэмжүүдээсээ хуваалцвал?

Аль болох тусдаа ганцаараа байх, олноос бусад зүйлсээс бүгэж гэмээнэ илүү сайн зохиол бичигддэг юм шиг санагддаг шүү. Угаас ганцаардал гэдэг бол хүний бясалган бодоод тунгаах аялалдаа зорчиж явах цаг байдаг учраас арай дуу цөөтэй,зожигдуу гэмээр болчих тал байдаг. Нийгмийн олон асуудлын хажуугаар би дуугүй өнгөрдөггүй юм. Харин зохиол бүтээл дээр суугаад ирэхээрээ тийм зүйлс нүд чихэнд нөлөөлөхөө ч байчихдаг. Дууссаны дараа бол харин түгшүүртэй үе эхэлнэ. Яагаад гэхээр кинонд хөрөнгө оруулах улсуудад таалагдах болов уу, түүнээс гадна жүжигчид,зураглаачид, бусад оролцох хүмүүсийн сэтгэлд буух болов уу гээд асуудал их дээ. За тэгээд дэлгэцэнд гарах болзол хангавал найруулагчид гээд бас төвөгтэй улс байдаг. Үндсэн зохиолоос 50 хувь нь орвол их юм. /инээв / Яг кино театрын дэлгэцээр гарах нээлт болоход маш хүнд болно. Үзэхэд догдлол өндөр байдаг болохоор тэгдэг байх.

Кино урлагийн салбар уналтанд орлоо гэдэг дээр?

Би энэ үгэнд маш дургүй. Яагаад гэхээр 1990 оноос өмнө засаг төр өөрсдөө продюссер мэтээр ажиллаад жилдээ дөрвөөс таван суртал ухуулгын болоод уриалгын шинжтэй нийгэмрүү чиглэсэн утга санаатай кинонуудыг  хийдэг байсан. Тэр дунд нь уран бүтээлчид өөрсдийнхөө хэлэхийг хүссэн санаануудаа ил болон далдаар шингээж соён гэгээрүүлэх үүргээ биелүүлдэг байж. Харин ерөн оноос хойш кино үйлдвэр хувьчлагдаад уран бүтээлчид дор бүрнээ хувиараа кино хийж эхэлсэн. Үүнд авах ч юм хаях ч юм байгаа. Сэтгэлгээнд өөрчлөлт оруулсан зүйл нь бид нар өөрсдийн хэлэх гэсэн санаагаа бүтээлдээ шингээгээд үзэгчдэд шууд хүргэж болох юм байнаа гэдэг зүйл. Яахав өмнөх монгол киноныхоо агуулга, өв гэх зүйлийг алдсан зүйл бий байх.

Зохиолоосоо хэт их гажаагүй кино нэрлээч гэвэл?

Форест Гамп байна. Найруулагчийн шийдлээс наана цаана чимэг болгон шигтгэж өгснөөс биш үндсэн эх зохиолоороо л байх шиг санагдсан. Дэлхийн сод бүтээл юм. Бүх цаг үеийн шилдэг киноны жагсаалтын эхний тавд одоо хүртэл явж л байгаа.

Уран бүтээлдээ гаргах хандлага гэвэл?

Аль болох өөрийнхөөрөө байхыг хичээдэг. Өөрийнхөөрөө байх хандлага үзүүлвэл арай амжилттай байх болов уу. Тэр нь илүү тайван болоод амар амгалан юм. Өөрөө өөртэйгөө зөрчилдөөд эхэлвэл адгуу болж эхэлнэ.

Хүнийг урагш хөдөлгөх олон зүйлсээс санаанд орж байгаагаа ярьвал?

Шунал гэж хэлнэ. Шунал чинь гоё үг шүү дээ. Энэ зүйл маань өөрөө хүнийг урагш нь хөдөлгөдөг. Хүсэл мөрөөдөлтэй нэг эгнээнд байх зүйл. Гол нь түүнийгээ тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Хэтэрвэл ямар ч зүйл хальдаг,утгаа алддаг. Дуртай зүйлээ хийж амьдар гэж залууст хэлмээр байдаг. Гэхдээ дасан зохицох чадварт давхар суралцмаар байгаа юм.

Урлагийн хүмүүс алга ташилтны амтыг мэдэрч амьдардаг. Та харин өөрөө чин сэтгэлээсээ бүр босч зогсож байгаад ямар бүтээлд алга ташиж байв?

Оросын найруулагч Андрей Звягинцевийн “Нелюбовь” киног шөнө дунд үзээд ёстой л босч харайнгаа алдаад алга ташиж байлаа. Кино гэж ийм л юмыг хэлэх байхдаа гэж бодсон доо.

Анх сонсоод л санаанаас гарахааргүй гүн мэдрэмж өгчихдөг дуу байдаг даа. Ийм дуу байна уу?

Байлгүй яахав. Smashing pumpkins “1979” байна даа. Анх 1995 онд сонсож байлаа. Хотод манан буух үзэгдэл их ховор шүү дээ. Тэр дууг сонсоход гадаа яг л манан хүдэн буучихсан мэт л мэдрэмж өгсөн. Түүнээс үүдээд рок хөгжмийн урсгалд дурлах бас нэг шалтгаан болсон. Ер манан хүдэн гэхээр л би өөрийгөө төсөөлөөд байдагтай холбоотой байх. Бас ганцаардсан үедээ Guns n roses “knockin on heaven's door” дууг сонсдог юм байна.

Кино, кино бас дахин кино л гэх зүйл ярианы сэдэв болдог байх. Араас нь юуг их бодож тунгааж ярьж ярилцаж байна?

Гэр бүл,ном дуусаа./инээв/ Заримдаа бол хар багын дурсамжууд их орж ирнээ. Ном гэснээс сайн номыг уншиж дуусна гэж байдаггүй юм билээ. Жишээ нь Андрей Тарковскийн “Хугацаан доторх хугацаа” ном бол дуусашгүй ном юм. Энэ бүтээлээс уран бүтээлч хүн гэдэг хар дарамт хүнд даацыг дааж давж сурах хэрэгтэй юм байна даа гэдэг зүйл л тод үлдээд байна. Урлагийн чиглэлээр суралцаж байгаа дүү нартаа энэ номыг бас зөвлөмөөр байдаг.

Ярилцсан танд баярлалаа

Танай хамт олонд бас баярлалаа. Нэг зүйлийг хэлмээр байдаг юм. Тэр нь бид сүүлийн үед хэтэрхий их цэц булаалдах гээд байдаг болжээ. Уг нь хийж бүтээх үе ирчихсэн. Залуус маань оюунлаг талруугаа илүү их уншиж судалж, үзэж хараасай л гэж боддог доо. Хийж байгаа зүйлдээ л эзэн байж чадавл тэгээд л болоо.

 

Бусад мэдээ

Ордны гадна хувцасаа тайлсан жагсагчдын осголтын зэргийг тогтоож, тусламж үзүүлжээ

Ордны гадна хувцасаа тайлсан жагсагчдын осголтын зэргийг тогтоож, тусламж үзүүлжээ

Төрийн ордны баруун хаалганы гадна хувцсаа тайлж, суулт хийсэн жагсагчдаас осголтын зэрэг тогтоожээ.

Маргаашаас эхлэн ирэх баасан гараг хүртэл 30 градус хүрч хална

Маргаашаас эхлэн ирэх баасан гараг хүртэл 30 градус хүрч хална

Зуны дунд сар хэдийнэ гарсан ч ихэнх нутгаар цаг агаар сэрүүхэн, салхитай, өвс ургамлын гарц сайнгүй

Ариунзул С.
Ариунзул С.