Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой хяналт, шалгалтыг зохион байгуулах зорилгоор Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны баг өнөөдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Ажлын багийнхан 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн албан хэргийн хөтлөлтийг кирилл болон үндэсний монгол бичгээр хослуулан хөтлөх хуулийн зохицуулалт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хяналт шалгалт хийж байгаа юм.
Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 165 дугаар тогтоол, Монгол бичгийн баримт бичгийн стандарт (MNS 6395:2022), Нэрийн хуудасны стандарт (MNS 6978:2022), Байгууллага, гудамж талбайн хаягжуулалтын стандарт (MNS 5283:2022), Компьютерын гарын монгол бичгийн байрлалын стандарт (MNS 7004:2023) зэрэг баримт бичиг, стандартад тулгуурлан шалгалт хийж байна.
Аймгийн Засаг даргын орлогч К.Бахытжан тус ажлын багийн төлөөллийг хүлээн авч уулзан, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, орон нутагт авч хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцсон бөгөөд уулзалтад аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн орчуулга, судалгаа хариуцсан ажилтан Т.Даваасүрэн, архив, бичиг хэрэг, дотоод хяналт хариуцсан ажилтан Н.Мөнгөн-Оньс нар болон Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд оролцлоо.