"Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох" журмыг батлах тухай асуудлыг НИТХ өчигдөр батлав.
Энэ онд цахилгаан болон хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51,080 айл өрхийн үнийн хөнгөлөлтийг есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд олгоход 45.9 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд "Тавантолгой түлш" компани үйлдвэрлэлээ бууруулах, орон тоогоо цомхотгох зэргээр 75 орчим тэрбум төгрөгийг хэмнэж, урамшууллын зардлыг гаргах юм байна.
Хуралдааны үеэр хотын дарга Х.Нямбаатар "ЖАЙКА олон улсын байгууллагын 2022 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 орчим хувийг гэр хорооллын айл өрхийн түлж байгаа түлшнээс ялгардаг утаа бүрдүүлж байна. Замын хөдөлгөөнд өдөр тутам оролцож байгаа 500,000 гаруй тээврийн хэрэгслийн азотын дутуу ислийн бохирдол, цөөн хувийг ТЭЦ станцууд болон жижиг, дунд оврын уурын зуухнууд бүрдүүлж байна гэсэн дүнг үндэслэж агаарын бохирдолтой хийх тэмцлийг төлөвлөсөн. Ингэхдээ Улаанбаатар хотод шар, ногоон бүсчлэлийг тогтоож, шар бүсэд ойрын хоёр жилийн хугацаанд хатуу түлшнээс татгалзаж хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх төлөвлөгөөг Агаар, орчны бохирдлын үндэсний хороогоор батлуулсан.
Энэ дагуу 2025-2026 оны өвлийн улиралд 51,000 айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлэхээр ажиллаж байна. Эдгээр өрх айлын халаагуурын тоног төхөөрөмжийг худалдаж авах, тухайн айл өрхтэй хамтарч гэр, байшинг дулаалах, цахилгаан эрчим хүч болон хийн түлшээр тасралтгүй хангах шаардлага тулгарч байгаа юм.
Хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхөд урамшуулал өгөхөөс гадна шөнийн тарифын хөнгөлөлт хэвээр үйлчилнэ.
Халаалтын улиралд буюу 10, 11, 12, 1, 2, 3, 4 дүгээр сард айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх шийдэлд хүрч, тооцоо, судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргасан.
51,000 айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжсэнийх нь төлөө, одоо цахилгаан хэрэглэж байгаа айлуудад өдрийн цагаар үзүүлэх дэмжлэгтэйгээ нийлээд нэг өвлийн туршид 45 орчим тэрбум төгрөгийн урамшууллыг олгохоор судалгаа, тооцоог гаргасан юм. Засгийн газраас гаргасан хоёр удаагийн тогтоолын дагуу 45 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг сайжруулсан түлшний үйлдвэрийн орлогоос бүрдүүлнэ. Анх удаагаа Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд карбон кредит буюу агаарын бохирдлыг бууруулсны төлөө авдаг урамшууллыг бусдад худалдах яриа хэлэлцээрийг хийж байна.
Үүнээс гадна Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч дүрэм журмын дагуу эхний ээлжид нийлүүлэгдэх тоног төхөөрөмжийн 25%-ийг эргэн төлөлтгүйгээр санхүүжүүлэхээ өчигдөр илэрхийллээ.
Энэ жил хийн болон цахилгаан халаагуурт шилжих 51,000 айл өрхийг халаалтын улирал эхлэхээс өмнө дулаалах ажил бидний хамгийн том сорилт.
Урамшууллын нийт мөнгөн дүнг нэмэгдүүлэх боломжгүй. "Тавантолгой түлш" компанийн ТУЗ бизнес төлөвлөгөөг батлахаар тооцоо судалгааг хийсэн юм.
Журамд заавал есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны хооронд буюу бүх улиралд урамшууллыг олгох зохицуулалт байхгүй. Халаалтын улирал томьёоллыг тусгасан.
Өвлийн оргил ачааллын үед иргэдэд санхүүгийн дарамт учруулахгүй байх зорилготой дэмжлэг учраас нэгдүгээр сард 250,000 төгрөгийн урамшуулал олгохоор журмын төсөлд оруулсан. Монгол Улсын хамгийн их хүйтэрдэг нэгдүгээр сард хоёр, гурав, дөрвөн ес үргэлжилдэг" гэж тайлбар хийв.
"Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, хэрэглээнд үнийн урамшуулал олгох" журмаас:
Цахилгаан болон хийн түлшний халаагуурт шилжих ногоон бүсийн 51,080 айл өрхийн үнийн хөнгөлөлтийг есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл дараах байдлаар олгоно.
Есдүгээр сард 25,000
Аравдугаар сард 50,000
Арваннэгдүгээр сард 100,000
Арванхоёрдугаар сард 200,000
Нэгдүгээр сард 200,000
Хоёрдугаар сард 200,000
Гуравдугаар сард 50,000
Дөрөвдүгээр сард 50,000
Тавдугаар сард 25,000 төгрөгийн урамшуулал олгоно. Урамшууллыг есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ныг хүртэл олгохоор журамд тусгасан байна.