Монгол Улсын оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Ажилтай оюутан” үндэсний аян 2025 оны 4 дүгээр сараас албан ёсоор эхэллээ.
Тус аяныг Монголын хөдөлмөрийн зах зээлийн хамгийн том цахим платформ болох Zangia.mn, Боловсролын яамны Дээд боловсролын газартай хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хэрэгжиж байгаа бөгөөд оюутнуудад ажлын байранд гарах бэлтгэлээ хангах, ур чадвараа хөгжүүлэх өргөн боломжийг олгож буйгаараа онцлог юм.
Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдал:
Жил бүр Монгол Улсад нийт 65 их дээд сургуулийн 150,000 гаруй оюутан залуус түүнээс 20,000–30,000 оюутан залуус их, дээд сургуулиа амжилттай төгсөж, хөдөлмөрийн зах зээлд нэвтэрч байна.
Нөгөөтэйгүүр, улирлын онцлогоос хамааран 4, 5 дугаар саруудад ажил олгогчдын шинэ ажлын байрны зарууд хамгийн эрчимтэй нэмэгддэг бөгөөд энэ үед илүү олон байгууллага шинэ боловсон хүчнийг эрж хайдаг онцгой үе эхэлдэг.
Энэ эрэлтийг хангах хамгийн тохиромжтой, ирээдүйтэй ажил хайгчдын гол бүлэг бол яах аргагүй оюутан залуус юм.
Эдгээр үзүүлэлтүүд Монгол Улсын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн хувь хэмжээ болон хугацаа нь олон улсын дунджаас харьцангуй доогуур байгааг харуулж байна. Энэ нь оюутнуудын сургалтын явцдаа хуримтлуулсан ажлын туршлага, ур чадварын үнэлгээний систем дутмаг байгаатай холбоотой юм.
Монголын хөдөлмөрийн зах зээлийн 95%-ийг хамарсан Zangia.mn платформоор дамжуулан оюутан залуус илүү хурдан хугацаанд туршлага хуримтлуулах, цалинтай ажлын байртай болох, ирээдүйн ажиллах чадвараа бэхжүүлэх шинэ боломжийг бий болгож байна.
Оюутнууд зөвхөн төгсөөд биш, суралцах хугацаандаа хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц чадварыг эзэмших боломжтой болж байна.
Аяны хүрээнд зохион байгуулагдах сургалт, эвентуудын мэдээллийг Zangia.mn платформ болон албан ёсны сувгуудаар долоо хоног бүр тогтмол хүргэх болно.
Ажлын эхлэл, ирээдүйн хөрөнгө оруулалт – Ажилтай оюутан!
Ирээдүйгээ өнөөдрөөс бүтээ!