Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
Ажлын хэсгийнхэн өнөөдөр уулзаж, явц, үр дүнгээ мэдээлэв. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хуулийг 2008 онд баталж, 2012, 2015 онд удирдлагын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх нэмэлт өөрчлөлт оруулсан бол энэ удаа эрх зүйн томоохон шинэчлэл хийхээр төлөвлөжээ.
УИХ-ын 2020 оны тогтоолоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, Эрүүл ахуйн хууль тогтоомжийг шинэчилж, үйлчилгээний хүртээмжийг нэмж, цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгохыг тусгасан. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөдөлмөр, нийгмийн гурван талт оролцоонд тулгуурлан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог сайжруулах зэргийг тусгасан. Түүнчлэн Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн батлаад байгаа. Үүнтэй холбоотой Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчлэн боловсруулах шаардлага тулгараад байгаа юм.