fitness
  • 170 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 19 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад Эрүүгийн тухай хуулийн 20.17 дугаар зүйлд зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 2024 онд 48, 2025 оны эхний таван сард 16 бүртгэгдэж, нийт 924,000,000 төгрөгийн хохирол учирсан.

Харин Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйл /Мөрийтэй тоглоом тоглох/-д зааснаар “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон зөрчил 2024 онд 92, 2025 оны эхний таван сард 30 бүртгэгдсэн байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор 1xbet тоглоомтой холбоотой 689 хэргийг шалгаж, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран IOS үйлдлийн системээр дамжуулан АРР store-ооc 1xbet тоглоомын Монгол Улсад хандах эрхийг хязгаарлаж ажилласан.
Мөн 2024 онд Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг сурталчилж буй 5,502 видео бичлэг контент устгах хүсэлт гаргасны дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо 3,722 буюу 68 хувийг, цахим мөрийтэй тоглоомын холбогдолтой 3,192 видео контент буюу 84 хувийг тус тус устгаж, 7200 хууль бус домэйн хаяг устгуулах хүсэлтийн дагуу 6,140 хаягийг тус тус хаалгасан.

Энэ оны тавдугаар сард Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталлаа.

Хууль батлагдсанаар:

  • Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
  • Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.
  • Цахим мөрийтэй тоглоомд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.
  • VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
  • Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.
  • Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.
  • Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.

Иргэн та бүхэнд хуулиар бүрэн хориглогдсон цахим мөрийтэй тоглоом сурталчлах, зохион байгуулах, зуучлах, уриалах, дэмжлэг үзүүлэх зэрэг аливаа хэрэг, зөрчилд автахгүй байхыг уриалж байна. Жишээлбэл Эрүүгийн хуулийн 20.18, 20.19 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан.

Эрүүгийн хуулийн 20.18 дугаар зүйл. Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах

1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн хуулийн 20.19. дүгээр зүйл. Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

1.Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэгт нэмж оруулсан байна.

6.Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эсхүл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгж, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэх нэмэлт, өөрчлөлтүүд орсон ба холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлтийг оруулсан.

Дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоом тоглож мөнгөө алдсан иргэд орон байраа барьцаалах, ойр дотны хүнээс мөнгө зээлэх зэргээр өрийн дарамтад орж, улмаар сэтгэл санаагаар унах, донтох, стресстэх, гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх, хувийн мэдээллээ алдах, цаашлаад амиа хорлох хүртэл хор уршиг дагуулж байна.

Иймд энэ төрлийн тоглоом тоглох, зохион байгуулах, өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг ашиглуулах зэрэг хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх газар

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн