“Эх оронч сурагч” хөтөлбөрт бүртгүүлж тэнцсэн хүүхдүүд "Хөдөлмөр" зусланд амарч байгаа билээ. Тэд тус хөтөлбөрийн хүрээнд монгол хүүхдүүдийн онцлогт тохирсон олон сургалт, хөтөлбөрт хамрагдаж байна. Та бүхэнд хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдын сэтгэгдлээс хүргэж байна.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Төмөрбаатарын Анужин гэдэг. Би “Мандах лицей” сургуулийн 11-р ангийн сурагч.
-“Эх оронч сурагч” хөтөлбөрт хэрхэн хамрагдсан бэ. Яагаад уг хөтөлбөрийг сонгох болов?
-Би зуныхаа амралтаар хийл хөгжмийн сургалтад явахаар төлөвлөж байсан ч бүртгүүлж амжаагүй. Ээж нэг өдөр над руу “миний охин энэ хөтөлбөрийг сонирхоод үзээрэй” гээд линк шидсэн. Линк дээр дарж ороод “Эх оронч сурагч” хөтөлбөртэй нэг нэгэнгүй танилцсан. Би ер нь монголынхоо өв уламжлалыг ихэд хүндэлж биширдэг. Тиймээс өөртэйгөө ижилхэн бодолтой хүмүүстэй хамт долоо хоног байна гэж бодохоор үнэхээр сайхан санагдсан. Тэгээд л хөтөлбөрт бүртгүүлээд, эсээ хүртэл бичээд тэнцсэн.
-"Хөдөлмөр" зусланд ирээд хүлээлтээс хэр байна. Хамгийн таалагдаж байгаа зүйл юу байна?
-Хөдөлмөр зусланд ирээд дөрөв хонож байна. Хүлээлтээс дээгүүр, үнэхээр үгээр хэлэхийн илэрхийлэхийн аргагүй гоё байна. Өчигдөр цэргийн хувцас хүлээж авсан. Би бага байхаасаа л цэргийн алба хааж үзэх юмсан гэж боддог байсан. Эмэгтэй хүн цэргийн алба хааж боломжгүй ч гэсэн энэ зусланд амраад хэсэгхэн хугацаанд ч гэсэн цэргийн хувцас өмсөж, цэргийн уур амьсгалыг мэдрэх маш гоё байна. Бүр миний хувцасны мөрний нэг талд нь нэр, нөгөө талд нь монголын маань далбаа байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй огшиж байгаа юм чинь.
-“Эх оронч сурагч” хөтөлбөрийн гол зорилго нь монголын өв соёлыг таниулах, монгол хүүхдэд тохирох олон төрлийн хөтөлбөрийг багтааснаараа онцлогтой. Магадгүй шантрах үе гарч байна уу?
-Өглөөний гүйлтийн эхний өдөр шантарсан. Хотод байхдаа хичээлдээ өглөө эрт босоод явдаг байсан хэдий ч энд босоод л гүйсэн. Мэдээж хол биш л дээ, ойрхон мод тойроод гүйсэн. Тэгэхэд л хүнд санагдаж, бие буларсан. Харин өнөө өглөөний гүйлт бол дажгүй байсан. Тиймээс зөв дадал зуршлыг бага багаар хэвшүүлэх нь зүйтэй юм байна гэсэн бодол төрсөн. Одоо бол шантрахгүй ээ. Харин бахархмаар , огшмоор зүйл олон гарч байна.
-Тухайлбал...?
-Туг өргөх мэдрэмж үнэхээр огшмоор. Монгол Улсын төрийн далбааг аажмаар дээшлүүлж мандуулахад “Би Монгол хүн шүү дээ” гэсэн сэтгэгдэл төрж өөрийн эрхгүй эх орноороо маш их бахархдаг. Хамт зогсох үе тэнгийнхний маань уур амьсгал нь огшуулмаар санагддаг. Учир нь би эх орон гэдэг надаас, хувь хүнээс эхэлдэг гэж боддог.
-Зусланд байх хугацаандаа өөр юу хийж үзмээр байна?
-Би эх орныхоо байгалийн сайхныг, хамт байгаа хүмүүсээ илүү таньж мэдмээр байна. Байгальд ургаж буй цэцэг нэг бүр, салхилж буй агаар хүртэл надад онцгой мэдрэмж төрүүлж байна. “Эх оронч сурагч” хөтөлбөртөө хамрагдсандаа үнэхээр баяртай байна. Өшөө олон хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаасай гэж хүсэж байна.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА