Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ. Ингэснээр агаар мандлын загваруудын орон зайн нягтаршил болон нарийвчлалыг нэмэгдүүлэх, урьдчилан таамаглал хийхэд зориулсан динамик загвар ашиглах боломжтой боллоо.
Үр дүнд нь цаг агаарын тодорхойгүй байдлыг дөхүүлэх, цаг агаарын урьдчилсан мэдээний чанар сайжрахаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг олон загвараар нарийвчлан тооцоолж, хөдөө аж ахуй, дэд бүтэц, онцгой байдлын салбарт менежмент, төлөвлөлт хийх нарийвчлалыг нэмэгдүүлнэ.Төслийн хүрээнд цаашид ЦУОШГ-ын мэргэжилтнүүдэд зориулсан уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хийх, урьдчилсан мэдээ боловсруулах (WRF) загвар, арга технологи, загвар ашиглах болон боловсруулалт хийх аргуудын талаар сургалтыг үе шаттай зохион байгуулж, супер компьютер ашиглахтай холбоотой чадавхыг бэхжүүлэх аж.
Шинэ үеийн суперкомпьютерын технологи нэвтэрснээр дараах бүтээгдэхүүний цаг хугацаа, орон зайн нарийвчлалыг сайжруулан Монгол орны бүс нутаг, хот сууринаар шинээр гаргах боломж бүрдэнэ. Үүнд:
Цаг агаар урьдчилсан мэдээ
Уур амьсгалын өөрчлөлт
Эрүүл мэнд
Сэргээгдэх эрчим хүч
Усны нөөц
Хөдөө аж ахуй
Гамшгийн менежмент
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, цаг агаарын гэнэтийн эрс тэс үзэгдлүүд ажиглагдах болж байгаа энэ цаг үед уур амьсгал, цаг агаарын урьдчилсан мэдээг сайжруулж, гамшигт үзэгдлийг эрт зарлан мэдээлэх нь бэлэн байдлыг хангах, цаг алдалгүй хариу арга хэмжээг авах боломжийг олгоно.