"Асрамж халамжийн төвд амьдарч байгаа хүүхдүүдийн эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх нь" хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Бид энэ үеэр “Өнөр бүл” хүүхдийн төвийн захирал М.Өнөрчимэгтэй цөөн хором ярилцлаа.
-Улсын хэмжээнд асрамжийн газар хэчнээн хүүхэд байна вэ. Энэ талаар ерөнхий мэдээлэл өгөөч?
-Өнөөдрийн байдлаар 21 байгууллагын 31 асрамж, халамжийн төвд 940 гаруй хүүхэд асрамж, хамгааллын үйлчилгээ авч байна. Тэдний 400 гаруй нь эцэг, эхтэй.
Жишээлбэл, Өнөр бүл төвд 166 хүүхэд амьдарч байгаагийн 65 нь эцэг, эхтэй байна. Хүүхдүүд гэр бүл салалт, архины хамаарал, орон гэргүй гэх шалтгаанаар асрамжид ирдэг. Үнэхээр архины хамаарлаас болоод хэцүү нөхцөлд орчихсон хүмүүс байна. Үүний сацуу хөдөлмөрийн чадамжтай, үр хүүхдээ өсгөх боломжтой хүмүүс ч бий.
Хоёр хүүхдээ нэлээн олон жилийн өмнө асрамжид өгчихсөн. Энэ хугацаанд тухайн ээж, аав амьдралаа дээшлүүлж, жижиг дунд бизнес эрхэлсэн. Одоо гурван өрөө байр, машинтай болчихсон хэрнээ хүүхдээ асрамжид байлгаж байна. Хүүхдээ ирж ав гэхээр удахгүй очно гээд алга болдог.
Хүүхдүүдийг эрсдэлт нөхцөлд байгааг хороо, дүүргийн нийгмийн ажилтнууд тогтоож, хамтарсан багийн үнэлгээ гаргадаг. Энэ үнэлгээ оновчтой биш байдаг. Гаргаж байгаа шийдвэр болгон хүүхдийг аль нэг асрамж, халамжийн төв рүү шилжүүлэх тухай байна. Харин асуудлын гол болох эцэг, эхийг яах тухайг хөнддөггүй. Нийт 900 гаруй хүүхдийн 90 гаруй хувь нь засаг даргын захирамжаар асрамжид ирж байна. Уг нь Гэр бүлийн тухай хуульд үр хүүхдээ үл хайхарч, эрсдэлт нөхцөлд оруулсан эцэг, эхийн эцэг, эх байх эрхийг хасах, хязгаарлах тухай заасан байдаг. Үүнийг шүүхээр оруулж шийдвэрлэдэг.
Гэтэл өнөөдөр зөвхөн хамтарсан багийн үнэлгээнд тулгуурлан засаг дарга шийдвэрлэж байгаа нь буруу жишиг. Хамтарсан баг үнэлгээгээ гаргаад шүүхэд хандах ёстой. Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хүүхдийг эцэг, эх нь ийм эрсдэлт нөхцөлд байлгаж буй учраас хариуцлага тооцох ёстой хэмээн шаардах юм. Ингээд шүүх тухайн хүмүүсийн эцэг, эх байх эрхийг хасах, хязгаарлах, хүүхдэд холбогдох зардлыг гаргуулах шийдвэр гаргах учиртай. Гэтэл өнөөдөр эцэг, эх ямар ч төлбөр төлөхгүйгээр хүүхдээ улсын мөнгөөр өсгүүлж байна.
Үүнээс гадна хүүхдүүдийн элэг бүтэн, гэр бүлийн хайр халамжид өсөж торних үндсэн эрх нь зөрчигдөж байна. Үр хүүхдээ хаяад буй эцэг, эхчүүдийг хариуцлагатай болгохын тулд дорвитой ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй. Архидан согтуурдаг эцэг, эхийг албадан хөдөлмөр эрхлүүлэх ч боломжтой. Албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хүний эрх зөрчлөө гэж яриад байгаа. Гэтэл тэд төрүүлсэн хүүхдийнхээ эрхийг зөрчөөд л байна шүү дээ. Хоёр хүүхдээ асрамжид өгчихсөн, хүүхдээ ав гэхээр орон гэргүй гэх шалтгаан хэлнэ. Гэсэн хэдий ч дахиад төрчихсөн, нярай хүүхэдтэй залуухан ээж ч байна.
-Боломжийн амьдралтай хэрнээ хүүхдээ асрамжид өгдөг кэйс хэр их бий вэ?
-Нэг кэйс ярья. Хоёр хүүхдээ нэлээн олон жилийн өмнө асрамжид өгчихсөн. Энэ хугацаанд тухайн ээж, аав амьдралаа дээшлүүлж, жижиг дунд бизнес эрхэлсэн. Одоо гурван өрөө байр, машинтай болчихсон хэрнээ хүүхдээ асрамжид байлгаж байна. Хүүхдээ ирж ав гэхээр удахгүй очно гээд алга болдог. Хүүхдээ хэд хоног чөлөөгөөр өөрсдөд дээрээ авахаараа архи уусан удаа байдаг. Энэ бол нэг төрлийн арга заль байгаа юм. Байр, машинтай болтлоо хөдөлмөрлөж байгаа хүмүүс бол архины хамааралтай биш. Гэтэл тэд хүүхдээ улсаар тэжээлгээд, өөрсдөө амар жимэр амьдарч байна.
-Ийм тохиолдолд хуулийн ямар зохицуулалт байдаг бол?
-Үүнээс тухайн шийдвэрийг гаргаж, хүүхдийг асрамжид шилжүүлсэн засаг дарга яагаад тэр эцэг, эхийн араас хөөцөлдөхгүй байна вэ гэх асуудал гарч ирнэ. Хуульд заалт бий ч, хэрэгжүүлэх шатандаа үр дүнтэй ажиллахгүй байна.