Тариаланчид, үндэсний шилдэг хүнсний үйлдвэрлэгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олсон ололт, амжилтаа дүгнэн, цаашдын зорилгоо хэлэлцэж, шилдгүүдээ тодруулах “Ургацын баяр-2023” ёслол “Корпорэйт конвеншн центр”-т боллоо.Баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон хүнс үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлж амжилт хүсэн ерөөв.
Тэр бээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшил хамтран ажилласнаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоодын хангамж, экспорт нэмэгдэж байгааг тэмдэглэв.
Тухайлбал өнөөдрийн байдлаар 1,857 аж ахуйн нэгж, иргэнд нийт 675 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, хүнс, хөдөө аж ахуйн нийт 19 төрлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай 428 төрлийн тоног төхөөрөмжид импортын гаалийн албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн нь “Хүнсний хувьсгал” эрчимтэй өрнөхөд чухал түлхэц болж байгааг онцлов.
Олсон ололтоо улам бататгаж, цаашид уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, үрийн чанар, хүнсний үйлдвэрлэлийн түүхий эдийн чанар, стандарт зэрэгт онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.
Энэ хүрээнд төсөв, хөрөнгө, зээл, санхүүжилт, татвар, даатгал зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг оновчтой, хүртээмжтэй ашиглах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжих нь чухал байгааг тэмдэглэв.
Нүүдлийн болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын ашиг шимийг бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлого, амьжиргааг сайжруулах нь “Хүнсний хувьсгал”-ын амин чухал зорилтын нэг гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Малчдын залгамж халааг бэлтгэх, малын эрүүл мэндийг хамгаалах, хоршиж ажиллах, малын үүлдэр угсааг сайжруулах, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах зэрэгт тодорхой үр дүн гаргах хэрэгтэйг хэлэв.
Ялангуяа 2024 онд вакцинжуулалт, био-бэлдмэлийн үйлдвэрлэлд онцгой анхаарч, Монгол Улс малын өвчингүй эрүүл бүс болох зорилтод бодит ахиц дэвшил гаргах шаардлагатайг тэмдэглэв.