Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар цахим гэмт хэргийн тоо, гаралтын талаар гишүүдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Кибер аюулгүй байдлын тухай хуулийн тогтоолын төсөлд дэндүү ерөнхий заалтууд байна. Цахим шилжилтийг хэрэгжүүлж, идэвхжүүлнэ гэсэн ерөнхий заалтаас илүү тодорхой субьектийг зааж өгөх хэрэгтэй.
Манай улсын цахим хэрэглээ тогтвортой өсжээ. Энэ хэрээр цахим хэргийн тоо хурдацтай өсөж байна. 2018 онд цахим гэмт хэргийн тоо 659, 2019 онд 737 байсан бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 8818 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн. 2018 онд нийт гэмт хэргийн 1.8 хувийг цахим орчин дахь гэмт хэрэг эзэлж байсан бол одоо 26.3 хувийг эзэлж байна. Цаашид магадгүй нийт гэмт хэргийн гуравны нэгийг цахим орчин дахь гэмт хэрэг эзлэх эрсдэлтэй.
Ялангуяа хүүхдийг цахим орчин дахь гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэх чиглэлийн заалтыг Кибер аюулгүй байдлын тухай хуулийн тогтоолын төсөлд тусгах хэрэгтэй.
Бодитой жишээг дурдсан. Parliament.mn хакердуулж байна. Дата төв рүү олон мянган халдлага хийж байна. Цахим гарын үсгийг хуурамчаар үйлдүүлэхгүй, хакердуулахгүй байх зэрэг болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Ашигт малтмалын лицензээс эхлээд компани байгуулах тухай бүх асуудлыг цахимжуулах нь сайн боловч нөгөө талаас болзошгүй эрсдэл их байна" гэв.
Цахим орчинд 350 мянга орчим хуурамч хаяг байна. Цахим гарын үсгийг хуурамчаар хийж өгнө гэсэн зар хүртэл байна.
Хуралдааны төгсгөлд 93 саналаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдлийг арилгах тухай хуулийн төслүүдэд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Инновац, цахим бодлогын байнгын хороонд шилжүүллээ