Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-нд утсаар ярив.
ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэж, сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлал, уулзалтууд тогтмолжиж байгаа нь ач холбогдолтой болохыг онцлолоо.
Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд шуурхай ажиллах талаар санал нэгдэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.