fitness
  • 242 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-22

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн (2023.12.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2024 онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

Эхэнд нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм. 



Тэрбээр, тогтоолын төслийг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтыг хангах, аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил, Улсын Их Хуралд суудалтай болон улс төрийн бусад намуудтай зөвшилцсөн байдал, сонгуулийн тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байх зэрэг хуулийн зохицуулалт, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн  Монгол Улсын хүн ам, сонгуулийн насны иргэдийн тоо зэргийг үндэслэн боловсруулсан талаар тодорхой дурдав. Төсөлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгасан байна.

  • Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
  • Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
  • Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
  • Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
  • Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
  • Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
  • Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
  • Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог

Эдгээр тойргуудыг тогтоохдоо 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийн төвүүдийг бий болгох, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг дээшлүүлэх зорилтуудыг үндэслэл болгосон хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэмдэглэв.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийн улс төрийн оролцоо, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь сонгуулийн тойргийн төвийг хэрхэн тогтоосон, санал тоолох төхөөрөмжөөс хүчингүй саналын хуудас гарах эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулахдаа нийслэлийг нэг тойрог болгох боломжийн талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна.



Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тойргийг бүсчлэх байдлаар тогтоох нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтыг хангах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг амилуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн тэнцвэргүй байдлыг бууруулах, бүсчилсэн хөгжлийг бэхжүүлэх ач холбогдолтойг болон Үндсэн хуульд зааснаар Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл тул сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баян-Өлгий аймгийг дангаар тойрог болгон хуваарилсан зүйд нийцэхгүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд санал өгөх боломжийг бүрэн хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо анхаарч ажиллах нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, улс орны нийтлэг эрх ашгийг хангахын тулд сонгуулийн тойргийг томсгож буй нь зөв болох талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэж сонгуулийн нэг тойрог болгож байгаа нь бүс нутгийн онцлогтой эдийн засгийг хөгжүүлэх боломж бүрдүүлэх ач холбогдолтой талаар тус тус саналаа илэрхийлжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Б.Баярсайхан, Б.Бейсен, Н.Ганибал, Ж.Батсуурь, Ц.Туваан, Ч.Хүрэлбаатар, Г.Дамдинням, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Д.Өнөрболор, А.Адъяасүрэн, Т.Доржханд нар болон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар асуулт асууж, үг хэллээ. 

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Монгол Улсад урьд өмнө олон жил хийгдэж чадаагүй засаг захиргааны хуваарьтай холбоотой томоохон өөрчлөлтийг улс төрийн арга замаар шийдэх гэж байгаа нь ихээхэн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа тэмдэглээд, иргэдийн санал гээгдэхгүй байх, нэр дэвшигчдээс гарах зардал буурах, олон намын төлөөлөл, шинэ хүмүүс, залуучууд, эмэгтэйчүүд сонгогдох боломж бүрдсэн эсэх талаар асуусан юм. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хариулахдаа, нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулах талаар маш олон дэвшилттэй зохицуулалтыг хийсэн тухай дурдаад, сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр, түүнд ноогдох тоо хэмжээг 50 хүртэл хувиар бууруулж, төрийн аудитын байгууллага сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо өмнөх оны гүйцэтгэл болон хэрэглээний үнийн индекстэй уялдуулж тогтоох боломжийг бүрдүүлсэн гэсэн юм. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, сонгогчид мандатын тоотой тэнцүү хэмжээний саналыг тэмдэглэж санал тоолох төхөөрөмжид уншуулна, төхөөрөмжид илүү буюу дутуу тэмдэглэгдсэн саналын хуудас уншигдахгүй тул санал гээгдэх асуудал гарахгүй гэсэн хариулт өгөв. 

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Ардчилсан нам бүсчилсэн тойргийн асуудлыг дэмжиж байгааг илэрхийлээд, өнгөрсөн хугацаанд төрийн өмч, төсвийн хөрөнгөөс хулгай хийсэн хүмүүс томсгосон тойргууд дээр бяртай үзнэ гэж бодож байгаа байх, тэднээс салах цаг болсон гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэж нэг тойрог болгох юм бол Монгол Улсын Үндсэн хуулийн үндэстэн угсаатныг үл ялгаварлах тэгш байдлын зарчмыг болон хүний эрхийг ноцтой зөрчинө, энэ бол ялгаварлан гадуурхалт гэсэн юм. Тэрбээр, Сүхбаатар аймгийн иргэд Дорнод, Хэнтий аймгаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчийг сонгох эрхтэй байхад Баян-Өлгийн сонгогчид Монгол Улсын хөгжил дэвшилд дуу хоолойгоо өргөж чадахгүй, зөвхөн аймаг дотроо нэр дэвшиж байгаа хэдхэн хүмүүсийг сонгохоос өөр аргагүй болж байна гэсэн юм. Түүнчлэн, хүн амын тоо нь харилцан адилгүй, тэнцвэргүй аймгуудыг нэгтгэснээр цөөн хүн амтай аймгууд төлөөлөлгүй хоцрох эрсдэл байгааг тэрбээр хэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд түүний асуултад хариулахдаа, Монгол Улс төрийн байгууллын хувьд нэгдмэл бөгөөд Баян-Өлгий аймаг бол нэг бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тогтоолд тусгасан талаар ярьж, Улсын Их Хурлын гишүүн зөвхөн сонгогдсон тойргийн төлөөлөл биш Монгол Улсын нийт иргэдийг төлөөлдөг элч хүн гэдгийг онцолсон юм.



Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен мөн Баян-Өлгий аймгийн асуудлыг хөндөж, тусад нь нэг тойрог болгосон нь Үндсэн хуульд харшлах юм биш биз гэсэн асуулт тавив. Мандатын тоо нь цөөдөөд, улсын төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалт дутагдалтай болчихвол ОХУ, БНХАУ болон Дундад Азийн улсуудтай холбогдох худалдаа, наймааны зангилаа болсон стратегийн аймгийн хувьд жинхэнэ гадуурхалт болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал тогтоолд тусгасан тойргуудын зарим нь бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдаагүй байна гэсэн шүүмжлэлийг хэлж, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийг Төв аймагтай нэгтгэж нэг тойрог болгох нь зүйтэй гэсэн юм. Газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ аймгийн хотын статустай хөгжих гэж байгаа Дархан-Уул аймагтай нийлүүлсэн нь өөрсдөдөө тааруулсан байдалтай харагдаж байна гэж тэрбээр дүгнэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь тойргийн хуваарилалт бол шог байна, наймаа явагдаж байгаа нь харагдаж байна гээд, Хан-Уул дүүргийг шууд ХҮН-д, Т.Доржхандад, Багахангайг Шадар сайддаа өгсөн байна гэлээ. Тэрбээр, сонгууль мөнгөжсөн олигархуудын том зодоон болох юм байна, учир нь нэг намаас 10 хүн 10 мандат дээр нэр дэвшлээ гэхэд 10 намаас 100 хүн дэвшиж, 14 хоногт багтааж бодлого шийдвэр, намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж байхгүй гэсэн юм. Ийм том тойргууд дээр парламентад суудалгүй намууд, бие даагчдаас нэг ч хүн гарч ирэхгүй, залуучууд, эмэгтэйчүүд яаж ч тамираа тасарсан үзээд дийлэхгүй гэж үзэж байгаагаа тэрбээр дурдав. 

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Н

Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг эхэллээ

Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлэг эхэллээ

Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн

Ариунзул С.
Ариунзул С.