ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГ ӨСГӨВ
2024 оны эхний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, ₮660 мянгад хүргэх шийдвэр гарсан. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660.0 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан тогтоодог. Манай улсад 100 орчим мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж байна.
БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬ ИРЭХ ОНЫ ЭХНИЙ ӨДРӨӨС ХЭРЭГЖИНЭ
БШУЯ-наас боловсруулж, орон даяар хэлэлцүүлснээр Боловсролын багц хуулийн төслийг УИХ баталлаа. Энэ хуульд багшийн нийгмийн халамжид анхаарсан хэд хэдэн заалтыг багтаав. Жишээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна. Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН 6, 7 ЖИЛИЙН ДУНДАЖ ЦАЛИНГ ТАВАН ЖИЛ БОЛГОВ
Нийгмийн даатгалын ерөнхий хууль болон Тэтгэврийн Тухай хуулийг шинэчлэн найруулж, ирэх оны эхний өдрөөс дагаж мөрдөнө. Энэ хуулийн гол өөрчлөлтийн нэг нь 2019-2023 онд тэтгэвэр тогтоолгохдоо 6 эсвэл 7 жилийн дундаж цалингаар тогтоолгосон ахмадууд өөрчлөх хүсэлтээ энэ онд багтаан НДЕГ-т өгөх боломжтой болсон. Өөрчлөгдсөн тэтгэврийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс олгоно. Мөн 20 жил хамтран амьдарсан гэр бүлийн нэг гишүүн нас барсан тохиолдолд эхнэр/нөхөр нь тэтгэврийг нь өвлөх хуулийн орчныг бүрдүүллээ.
СОНГУУЛИЙН ДАНХАР ТӨСӨВ
Улсын төсвийн хуулийг жил бүрийн арваннэгдүгээр сард Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулдаг. Ирэх оны төсөв сонгуулийн жилийн төсөв тул төсвийн орлого зардал өссөнд гайхах хэрэггүй. Төсвийн орлогоо 25 их наяд, зарлагаа 28 их наяд буюу манай улсын түүхэд байгаагүй өндөр дүнгээр төсөөлсөн хуулийг эрх баригчид баталсан. Үүнийг эдийн засагчид мөрөөдлийн тоо тавьж, түүндээ хүрэхгүй болохоор зээл авч, алдагдалд хүрдэг хэмээн шүүмжилсэн. Ирэх оны улсын төсөвтэй холбоотой онцлох мэдээллүүд:
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН БҮХ ҮЕ ШАТЫГ ИЛ ТОД БОЛГОНО
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг анх 2000 оноос хуулиар зохицуулж эхэлжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг 2005 онд баталсан байна. Үүнээс хойш 18 жилийн дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас боловсруулж, өнгөрсөн зургаадугаар сард батлав.
Дараах үндсэн агуулгын хүрээнд тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагджээ:
Гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээр иргэд, олон нийт болон эцсийн хэрэглэгч аливаа худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтийн талаар санал хүсэлт гаргах, олон нийтийн хяналт хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМ, ЭД МӨНГӨНИЙ ХОНЖВОРТ СУГАЛААНЫ ОРЛОГО 40% ТАТВАРТАЙ
Хувь хүний орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оноос мөрдөж эхэлнэ. Энэ хуулийн өөрчлөлтүүд:
Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно.
Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөхөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.14-т заасан журмыг баримтална.
Энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.
ТӨРӨӨС САНХҮҮЖДЭГ НАМ ЭВСЭЛ ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨНӨ
Шилэн дансны тухай хуульд долдугаар сарын 7-нд өөрчлөлт оруулж, төрөөс санхүүжилт авдаг нам, эвслүүд энэ хуулийг дагаж мөрдөх болов. УИХ-д суудалтай нам, эвслүүд суудлынхаа тоогоор төрөөс санхүүжилт авдаг байв..Энэ хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо /цаашид "шилэн данс" гэх/-г бүрдүүлэх юм.
Шилэн дансны мэдээлэлд төр-хувийн хэвшлийн түншлэлийн жагсаалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, гэрээнд оруулсан өөрчлөлтийг мөн нэмсэн юм.
ОЛОН ЖИЛ “ДУНШСАН” УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛИЙГ БАТЛАВ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улс төрийн намын хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан ч өнөөг батлалгүй олон жил болсон. Өнгөрсөн долдугаар сарын 7-нд буюу наадмын өмнө баталсан хуулийг дагалдан дагаж мөрдөх журмын тухай хуулийг мөн баталсан юм:
Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.
Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.
Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид "нийт сонгогч" гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно. Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно. .Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна гэж шинэ хуульд заажээ.