Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
2022 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөний түгжрэл, ачаалалд цаг агаарын нөхцөл байдал 30 хувиар нөлөөлж байсан бол 2023 оны мөн өдрүүдэд 50 хувь болж өссөн байна. Мөн 2022 оны арванхоёрдугаар сарын 15-31-нд замын хөдөлгөөний ачааллын дундаж үзүүлэлт 90 хувь байсан ба тус хугацаанд долоон өдөр тэг зогсолт болжээ.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу, 2023 оны арванхоёрдугаар сарын эхний хагаст замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн оны мөн үеэс тогтмол 3-4 хувиар ихсэж байсан бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх тооцоолол гарсан. Эдгээр үзүүлэлтээс харахад энэ онд ч мөн нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул тэгш, сондгойгоор зорчих зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн шинэ жил, баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор нэмэгдэх зорчилт хөдөлгөөн, замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо, зам тээврийн ослын тохиолдлыг харгалзан үзсэн. Автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулснаар уг ачаалал 20 хувиар буурах тооцоо гараад байна.
Арванхоёрдугаар сарын 29-ний бүх нийтийн амралтын өдөр шинэ жилийн баяр дөхөөд иргэдийн зорчилт хөдөлгөөн, ачаалал их байдаг. Өнгөрсөн оны тухайн өдөр замын хөдөлгөөний ачаалал 99 хувьд хүрч, тэг зогсолт болсон. Харин 2023 оны нэгдүгээр сарын 1-нд ачаалал 73 хувьтай байсан юм. Түүнчлэн тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийн тоог тэнцүү байлгах үүднээс дээрх үзүүлэлтэд үндэслэн арванхоёрдугаар сарын 29-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхээр тусгасан. Бямба, Ням гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэв.