fitness
  • 331 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-11

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул хуралдааны эхэнд Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн болон 2023-2025 оны стратегийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ.

Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан.

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хүрээнд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, Засгийн газрын гадаад үнэт цаасыг төсөвт дарамт учруулахгүйгээр төлж, дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, улсын стратегийн томоохон төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, Засгийн газрын өрийн удирдлагын ил тод байдлыг сайжруулах зэрэг үндсэн зургаан зорилтыг тавьж ажиллаж буйг салбарын сайд дурдлаа.

Мөн эдгээр зорилтын хүрээнд Засгийн газрын зүгээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн хязгаарыг баримталж Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бууруулах, төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зориулж арилжааны нөхцөлтэй зээллэг авахгүй байх, барих шилжүүлэх нөхцөлтэй концесс болон өрийн баталгааны үлдэгдлийг бууруулах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа 2016 онд 78.8 хувь байсан бол 2023 оны III улирлын байдлаар 44.3 хувь болж даруй 34.5 нэгж хувиар буураад байна гэв.

Түүнчлэн Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт заасан  зорилтуудтай холбогдох ажлуудын хүрээнд авсан арга хэмжээнүүдийг  танилцуулсан юм. Тухайлбал, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр ашгийг сайжруулах, төсөвт үзүүлэх төлбөрийн дарамтыг бууруулах арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банктай 6 сарын турш хэлцэл хийж 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн 1.0 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дэд гэрээнүүдэд гарын үсэг зурсан. Дэд зээлийн гэрээнүүдийг байгуулснаар EPC-02, EPC-03 багц ажлын зээлийн эргэн төлөлт болох 789 сая ам.долларын үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг дахин 7 жилээр хойшлуулж, 2023 оноос эхлэн зээлийн үндсэн төлбөрт 64.5 сая ам.доллар төлж эхлэх байсныг 13.1 сая ам.доллар болгон бууруулж, төсвийн дарамтыг багасгасан. Мөн 2018 оноос хойш хийгдэхгүй гацаанд ороод байсан EPC-02, EPC-03 багц ажлын  санхүүжилт авах боломжийг бүрдүүлж төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлээд байгааг Б.Жавхлан сайд тайландаа онцлов.

Гадаад бондын дахин санхүүжилтийн арга хэмжээний хүрээнд  өнгөрсөн оны 1 дүгээр сард “Сенчири-2” өрийн зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж, 650 сая ам.доллартой тэнцэх гадаад бондыг дахин санхүүжүүлсэн бөгөөд “Гэрэгэ” бондын 435.3 сая ам.долларын төлбөр болон “Хуралдай” бондын 207.5 сая ам.долларын төлбөрийг тус тус төлж барагдуулсан. Хугацаа нь тулаад байсан “Хуралдай” бондын үлдэгдэл 392.5 сая ам.долларын төлбөрийг дахин санхүүжилт хийх "Сенчири III” өрийн зохицуулалтын арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 20-28-ны өдрүүдэд амжилттай авч хэрэгжүүлсэнийг Сангийн сайд танилцуулгадаа тодотгохын зэрэгцээ  2023 онд Гэрэгэ бондын 82.0 сая ам.доллар, Номад бондын хоёрдогч зах зээлийн буцаан худалдан авалтаар 22.0 сая ам.доллар, нийт 104 сая ам.долларыг төрийн сангийн мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулан, гадаад бондын үлдэгдлийг бууруулаад байна. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч, Мүүдийз, Стандарт энд Пүүрс агентлагуудтай тогтмол хамтран ажиллаж, дэлхийн олон орны зээлжих зэрэглэл буурч байгаа энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалж, улмаар 2021 оны гуравдугаар сард Мүүдийз агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B3 сөрөг зэрэглэлээс B3 тогтвортой түвшин рүү нэмэгдүүлсэн билээ. Мөн Фитч болон Стандарт энд Пүүрс агентлагуудтай 2023 оны 05 болон 07 дугаар сард уулзсан уулзалтын үр дүнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B тогтвортой түвшинд хэвээр хадгалж үлдээд байна гэж байлаа.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэл ашигтай, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл харьцангуй сайн байгаа зэргээс шалтгаалан 2023 онд Засгийн газрын дотоод үнэт цаас арилжаалах шаардлага үүсээгүй болно. Засгийн газрын зүгээс төсвийн алдагдал болон төрийн сангийн мөнгөн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор 2024 онд Засгийн газрын дотоод үнэт цаасыг зохистой хэмжээгээр олон нийтэд нээлттэй, нэгдсэн зах зээл дээр арилжаалах төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан стратегийн чухал ач холбогдол бүхий төсөл болох “Чойбалсан Дулааны Цахилгаан Станцын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлж, өргөтгөх төсөл”-ийн санхүүжилтийг шийдвэрлэх зорилгоор Улсын Их Хурлын 2023 оны 90 дүгээр тогтоолоор тус төслийн хүрээнд 2024 онд Засгийн газрын өрийн баталгаа гаргахаар шийдвэрлэсэн. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, багийн 25,139 айл өрх, 3,133 аж ахуйн нэгж, албан байгууллага, уул уурхайн 13 ордын олборлох үйлдвэрүүд тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангагдаж, БНХАУ-аас импортоор авдаг эрчим хүчний хэмжээг жилд 438 сая кВт.цагаар бууруулах ач холбогдолтой юм. Засгийн газрын зүгээс мөн зорилтын хүрээнд болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 онд вексель, өрийн бичиг гаргахгүй байх, шинээр барих-шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээ байгуулахгүй байх бодлогыг тууштай баримтлан хэрэгжүүлж ажиллаж байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Мөн Засгийн газрын өрийн стратегийн баримт бичигт тавьсан зорилт арга хэмжээг авч хэрэгжүүлснээр 2023 оны III  улирлын байдлаар Засгийн газрын өрийн багцын жигнэсэн дундаж хүү 3.8 хувь, эргэн төлөгдөх дундаж хугацаа 8.7 жил,  хүү шинэчлэгдэх дундаж хугацаа 7.7 жил, гадаад өрийн Засгийн газрын өрд эзлэх хувь 95 хувьтай тэнцэж байна гэв.

Хуралдаан “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Тогтоолын төсөлд Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг хавсралтаар өөрчлөн батлах, тогтоолыг баталсан өдрөөс нь  дагаж мөрдөхөөр тусгажээ.

Дээрх тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2023 оны 11 дүгээр тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах, санал дүгнэлт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахлан, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, С.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй байгуулан ажилласныг дурдав.

Мөн Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаар тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг баталж, Төсвийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг томилон ажиллаж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэмд зөвлөл нь дарга, орон тооны бус найман гишүүнээс бүрдэхээр заасан. Улсын Их Хурлаас 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталж, тус хуульд зөвлөл нь долоон гишүүнээс бүрдэх бөгөөд Төсвийн байнгын хороо тэднийг хүн тус бүрээр нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулж, Улсын Их Хурал томилж, чөлөөлөхөөр заасныг онцлон тэмдэглэсэн.

Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд уг зөвлөлийн чиг үүргийг өргөжүүлэн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг тухайн хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах болон төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл боловсруулахад баримтлах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг боловсруулах үүрэгтэйгээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулан ажиллахаар заасныг дурдлаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16.1-д заасан чиг үүргийн хүрээнд эдийн засгийн төсөөлөл, таамаглал хийх, төсвийн болон хөгжлийн бодлогын тогтвортой байдалд шинжилгээ хийх, төсөвт учрах эрсдэлийн шинжилгээ хийх гэсэн гурван чиглэлээр зөвлөлийн хийх ажлыг нарийвчлан тодорхойлох, зөвлөл хамтын удирдлагын зарчимд үндэслэн үйл ажиллагаагаа явуулах, зөвлөл эдийн засгийн таамаглалын, төсвийн эрсдэл, төсвийн тогтвортой байдлын болон бодлогын нөлөөллийн гэсэн гурван тайланг сар бүр гарган хуралдаанаараа хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд танилцуулж, олон нийтэд мэдээлэх, хагас жил тутам олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөл чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг холбогдох төрийн байгууллагаас гаргуулан авах зэрэг өөрчлөлтүүдийг оруулахаар тусгасан байв.

Ажлын хэсгийн санал, дүгнэлт болон тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай  Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэв.


Бусад мэдээ

Намрын улиралд хэрхэн эрүүл хооллох вэ?

Намрын улиралд хэрхэн эрүүл хооллох вэ?

1. Хоолны дэглэмээ тогтворжуулахТаны бие сайн ажиллахын тулд уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрд

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар Б.Сүхбаатарыг томиллоо

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны даргаар Б.Сүхбаатарыг томиллоо

Говь-Алтай аймгийн Монгол Ардын Намын Хорооны бага хурал өчигдөр /2024.04.28/ хуралдаж намын удирдлага, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.