fitness
  • 398 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-16

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2024.01.15) хуралдаан гишүүдийн 55 хувийн ирцтэйгээр 14 цаг 17 минутад эхэлж, таван асуудал хэлэлцжээ.

““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гаргасан нийт хувьцааны

  • 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани,
  • 18.5 хувийг нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн,
  • 0.06 хувийг үндэсний 486 аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг.

Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш, хүртээмжтэй олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор  “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд эзэмшүүлэх, Монгол Улсын иргэдэд олгосон хувьцааг энгийн хувьцаанд бүртгэх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн талаарх эрх зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Засгийн газраас өнгөрсөн сарын 20-нд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны “Эрх зүйн дүгнэлт гаргуулах тухай” шийдвэр, Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн холбогдох албан бичгийг үндэслэн эрх зүйн дүгнэлтийг гаргажээ.

Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгагдсан

  • Тус компанийн нийт хувьцааны 34 хувьд багтаан Монгол Улсын иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх, 
  • Нас барсан иргэнийг хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасах тухай зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасан иргэний өмчлөх эрхийг хөндөж байгаа эсэх,
  • Иргэдэд эзэмшүүлэх 1072 хувьцаа эзэмшлийн зохицуулалт нь Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтуудад нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт гаргажээ.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зохицуулсан нь

  • Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.",
  • “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасантай,

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолтой тус тус зөрчилдөж байна хэмээн дүгнэжээ.

Тодруулбал “иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулах” гэсэн нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар опж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.

Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх опговор, үнийг төлнө”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж, Иргэний хуулийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.” гэж заасантай нийцэхгүй байна хэмээснийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулав.

Бусад мэдээ

C ТӨРЛИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ 2023.03.20-30-НЫ ХООРОНД ХҮЛЭЭН АВНА

C ТӨРЛИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТИЙГ 2023.03.20-30-НЫ ХООРОНД ХҮЛЭЭН АВНА

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2023 оны 2-р улирлын Гашуунсухайт – Ганцмод боомтоор улс хоорондын ачаа тээ

ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН СУРАГЧДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАЛЫГ ОРОН НУТГААС ХАРИУЦАХААР БОЛЖЭЭ

ЭЕШ-Д 800 ОНОО АВСАН СУРАГЧДЫН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАЛЫГ ОРОН НУТГААС ХАРИУЦАХААР БОЛЖЭЭ

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар ЭЕШ-д амжилт үзүүлсэн ба

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.