fitness
  • 337 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-02-01

НИТХ-ын 2013 оны тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын 130 га газрыг Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар тогтоосон.

Тухайн жилдээ “Жи Ди” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан ч 2018 онд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ. Төслийн байршилд 2015 онд “Жи Ди” ХХК 24 айлын 24 нэгж талбар бүхий 11 га газар чөлөөлсөн ч тус компанийн ажил зогссоны улмаас 24 өрх хохироод байсан юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 10 жилийн турш хэрэгжээгүй төслийн улмаас хохирсон 24 өрхийн хохирлыг барагдуулж, орон сууцны батламж гардууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Улаанбаатар хот гэр хорооллоо орон сууцжуулж байж агаар, хөрсний бохирдлоос ангижран, иргэдийн амьдралын чанар сайжирна. Одоо тулгарч байгаа асуудлуудыг шийдэхийн тулд өмнөх бодлогын алдааг засаж залруулах ёстой. Тиймээс Хотын даргын албан тушаалд томилогдсоны дараагаар “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК /НОСК/, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын удирдлагуудтай уулзаж, гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас хохирсон айлуудын хохирлыг барагдуулахаар ажилласан" гэв.

Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү "Дээрх 24 өрх 2014 онд гэрээ хийж, газраа чөлөөлсөн. Энэ хугацаанд хоёр удаа гүйцэтгэгч компани нь солигдсон. Гэвч тус компаниуд үйл ажиллагаагаа явуулж чадаагүйн улмаас төсөл хэрэгжих боломжгүй болж, иргэд 10 жилийн турш хохирсон юм. Эдгээр өрх өнгөрсөн хугацаад НОСК-ийн түр суурьшуулах байранд амьдарч байсан. Бид 2023 оны арваннэгдүгээр сараас тухайн иргэдтэй уулзаж, ажил хэрэг болгон, өнөөдөр ийнхүү орон сууц эзэмшүүлэх эрхийн батламж гардууллаа" гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч Д.Амархүү "2014 онд “Жи Ди” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ч үйл ажиллагаа нь доголдож гэрээг нь цуцалсан. Үүнээс хойш цагдаа, шүүхэд хандаж, өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэж чадалгүй явсаар 24 айлын 300 гаруй иргэн хохирсон. Өнгөрсөн хугацаанд асуудлаа шийдвэрлүүлэхээр олон зүйл хийж явсны эцэст нийслэлийн одоогийн удирдлагууд бидний асуудлыг шуурхай шийдэж, шинэ орон сууцтай болгож байгаад баяртай байна" хэмээн ярив.

2017 онд хийсэн судалгаагаар гэр хорооллыг орон сууцжуулах бодлогын улмаас 640 өрх хохирсон байдаг. Өнөөдрийн байдлаар НОСК-ийн түр суурьшуулах байранд 132 өрх амьдарч байгаа юм. Үлдсэн айлуудын хохирлыг үе шаттайгаар барагдуулах бөгөөд нийслэлийн зүгээс тухайн байршилд дэд бүтцийг бүрэн шийдвэрлэж, хүлээсэн үүргээ биелүүлсэн тул төслийг үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Иймд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

“Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан "Тухайн байршилд чөлөөлсөн газрыг НОСК-д шилжүүлж байгаа. Үлдсэн айлуудын газрыг чөлөөлж, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өмнөх төсөл хэрэгжүүлэгч компанийн иргэд болон төрд учруулсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ. Иргэдийг дахин хохироож болохгүй тул гэр хорооллыг орон сууцжуулах төслийг нийслэлээс бүрэн хариуцаж ажиллах болно. Мөн Баянхошуу, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулна" хэмээв.

НЗДТГ, ХМОНХХ

Бусад мэдээ

Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна

Гэр хорооллыг барилгажуулах төслийг 19 байршилд хэрэгжүүлж байна

Улаанбаатар хотын хэмжээнд агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй судалгаа байд

Хүүхдээ хоёр нас хүртэл өсгөн бойжуулж буй 104,441 эцэг эхийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлжээ

Хүүхдээ хоёр нас хүртэл өсгөн бойжуулж буй 104,441 эцэг эхийн ЭМД-ын шимтгэлийг төрөөс хариуцан төлжээ

Эрүүл мэндийн даатгалын орлого, хамрагдалтын статистик мэдээллийг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас танил

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.