Сурагчдын III улирлын хичээл эхэлмэгц Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сангаас хэрэгжүүлж буй Хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах төслийн хүрээнд улсын хэмжээнд бүх сурагчдыг стрептококийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулж эхэлжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд хуваарийн дагуу есөн дүүргийн ерөнхий боловсролын бүх сургуулийн 6-15 настай сурагчдыг хамруулах юм.
Хоёрдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Улаанбаатарын хэмжээнд эрт илрүүлэгт 37000 гаруй сурагч хамрагдсан ба одоогийн байдлаар шинжилгээнд хамрагдсан сурагчдын 10 хувьд стрептококийн халдвар илэрсэн. Халдвар илэрсэн сурагчдад эмийн эмчилгээ хийж, бүрэн эмчилснээр ирээдүйд үүсэх хүндрэлээс сэргийлнэ. Эцэг, эхчүүдээр зөвшөөрлийн хуудас бөглүүлж, зөвшөөрсөн тохиолдолд шинжилгээ хийнэ. Нийслэлийн хэмжээнд шинжилгээнд хамрагдах насны 300 мянган хүүхэд байна гэж НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган ярив.
Хүүхдийн А Стрептококкийн халдварыг эрт илрүүлж эмчилгээнд хамруулснаар ирээдүйд үүсэж болох Хэрэхийн шалтгаант зүрхний өвчлөл, зүрхний олдмол гажигаас сэргийлэх, эрсдлийг бууруулах ач холбогдолтой юм. Шинжилгээг сургуулиудад хуваарийн дагуу явуулах бөгөөд эцэг, эхчүүдийн зөвшөөрлөөр хүүхдэд шинжилгээ хийх юм.