Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Увсын өмнөд, Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар Фён салхины нөлөөгөөр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтай, Хангайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дарьгангын тал нутгаар -22...-27 градус, Эг, Үүр, Улз, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр -7...-12 градус, Их нууруудын хотгор, Алтайн нурууны ар бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтайн уулархаг нутгаар -12...-17 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -3...+2 градус, Их нууруудын хотгор, Алтайн нурууны ар бэл, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -23...-25 градус, бусад хэсгээр -14...-16 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Эх сурвалж: ЦУОШГ