Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шалгах шаардлагыг харгалзан Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хороог Монгол Улсын Их Хурлын 2023 оны 60 дугаар тогтоолоор байгуулсан.
Түр хороо долоон гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, Ц.Туваан нар ажиллаж байна. Эмийн асуудлаарх түр хорооны дарга Ж.Чинбүрэн, гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен нар өчигдөр /2023.01.19 / Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа.