УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) 2024 оны 2-р сарын 20-ны өдөр “Монгол Улсын бизнес эрхлэлтийн байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
2-р сарын хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл багтаж, бизнесийн орчныг тойрсон бэрхшээлүүд, хууль эрхзүйн зохицуулалтуудын талаарх асуудлуудыг хөндөж ярилцлаа.
Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Захирал В.Энхбаатар, M&E LLP-ийн хамтран үүсгэн байгуулагч Крис Мелвилл, Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрөл хариуцсан газрын дарга Д.Алтанзул, Худалдаа, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Ранн Вүүд нар панелистаар оролцож, АмЧам Монголын ТУЗ-ийн Тэргүүн Гари Биондо хурлыг удирдан явуулав.
Хэлэлцүүлэгт оролцогчид засгийн газраас бизнесүүдэд илүү сайн хүрч үйлчлэх, төрийн олон үйлчилгээний чанарыг шинэлэг, инновацын арга замаар сайжруулж, хууль тогтоомж, журмын хэрэгжилтэд онцгой анхаарахыг уриалав.
Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга Б.Анар хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн дагалдах хуулиуд, тухайлбал газрын тухай хуулийн талаар нийт гишүүдэд тайлбар өгөв.
Хөрөнгө оруулалт, худалдааны газрын захирал В.Энхбаатар тус байгууллагын сүүлийн үед авч хэрэгжүүлсэн ажлын талаар гишүүдэд мэдээлэл өгч, өнгөрөгч он нэвтэрсэн нэгтгэсэн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг танилцуулав. Тэрбээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэдний эрх үүргийн зохицуулалт, маргааныг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг авч байгааг онцоллоо.
Крис Мелвилл, M&E хуулийн фирмийн хамтран үүсгэн байгуулагч хэлэхдээ хууль тогтоомжийн хэрэгжилт нь хөрсөн дээр буухдаа бусад хуулиудтай зөрчилдөх, төрийн үйлчилгээг гардаж хийж буй албан хаагч нар хэрэгжилтийг уялдуулж ажиллахгүй байгаа нь сорилт болж байна гэв.