Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах Үндэсний стратегитай нийцүүлэн хүнс, ус ундааны салбарт нөөцийн хэмнэлттэй тойрог эдийн засагт шилжих, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилгоор Пипл ин Нийд ОУТББ (People in Need), Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо, Хөгжлийн Шийдэл ТББ болон Каритас Чех Репаблик ОУТББ (Caritas Czech Republic) нар хамтран Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ аймгуудад “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийг Европын Холбооны “СВИЧ-Эйшиа” хөтөлбөрийн хүрээнд анх удаа хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго нь хүнс, ус, ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчдийг салбартаа тогтсон хэв загварыг илүү ногоон, байгальд ээлтэй болгон өөрчлөхөд нь шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, эко шошгожуулалт, баталгаажуулалтыг зах зээлд нэвтрүүлснээр ногоон санхүүжилтэд хүрэх, тойрог эдийн засагт шилжихэд нь дэмжлэг үзүүлэх явдал юм.
Төслийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд төслийн баг хөдөө аж ахуйн хүнс, ус, ундааны салбарын БЖДҮ, жижиглэн худалдаа эрхлэгчдийн удирдах түвшний ажилчдад зориулан эко шошгожуулалт, ногоон баталгаажуулалтын системийн талаарх сайн туршлагыг судлах, салбарын мэргэжилтнүүдтэй уулзан харилцаа холбоо тогтоох, тус улсад тойрог эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудаас суралцах, мэдлэг мэдээллээ тэлэх хөтөлбөрийг 2024 оны 6 дугаар сарын эхний долоо хоногт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Хөтөлбөрөөс хүлээж буй үр дүн:
- Оролцогчид эко шошготой бүтээгдэхүүн, эко-шошгожуулалт, баталгаажуулалт, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ), тогтвортой үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлын стандартууд, шаардлагын талаарх мэдлэгээ нэмэгдүүлнэ.
- Оролцогчид эко шошго, эко/органик, БОНЗ, тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, шаардлагын талаар Европын сайн туршлагын талаар гүнзгий ойлголттой болно.
- Оролцогчид байгууллагадаа өөрчлөлт хийх хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлнэ.
- БЖДҮ болон ЖХЭ-дийн төлөөлөл төслийн хүрээнд боловсруулах стандарт, шаардлага, ногоон/тойрог эдийн засгийн туршлагыг нэвтрүүлэхийг хичээнэ.
- Тогтвортой үйлдвэрлэл, эко бүтээгдэхүүний стандарт, шаардлагыг батлах үйл явцыг төрийн байгууллагын төлөөлөл дэмжиж, стандарт, шаардлагын хэрэгжилттэй холбоотой бодлогын зөвлөмж гарган ажиллана.
- Оролцогчид дор бүрнээ танилцах аяллаас сурсан зүйлийнхээ тайланг бичгээр бэлтгэнэ.
- Оролцогч бүр өөрийн компани, орон нутагтаа мэдээлэл түгээх арга хэмжээг зохион байгуулна.
- Оролцогч бүр Суралцах аяллаас олж авсан мэдлэгээ түгээх зорилгоор зорилтот газруудад туршлага солилцох айлчлалд оролцоно.
Оролцогчдод тавигдах шалгуур:
- Оролцогч нь дээд, дунд түвшний удирдлага байх;
- Өргөдөл гаргагчийн байгууллага нь төслийн зорилтот бүс нутаг (Улаанбаатар хот, Орхон аймаг, Сэлэнгэ аймаг)-т бүртгэлтэй байх бөгөөд олон улсын хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны HACCP, ISO22000 стандартуудыг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлдэг байх;
- Түүнчлэн байгаль орчны менежментийн тогтолцооны ISO14001 стандартыг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэгжүүлдэг бол давуу тал болно;
- Байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь дор дурдсан дэд салбаруудын аль нэгт хамааралтай байх;
- Оролцогч нь сургалт, хэлэлцүүлэг зэрэг төслийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдах хүсэл эрмэлзэлтэй байх;
- Эко/органик шошго, БОНЗ, тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, шаардлагын талаарх мэдлэг, туршлагаа нэмэгдүүлэх сонирхолтой байх;
- Төслийн хүрээнд боловсруулсан стандарт, шаардлагыг байгууллагадаа нэвтрүүлэх хүсэлтэй байх;
- Оролцогч нь эко-шошгожуулалт, баталгаажуулалт, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ), тогтвортой үйлдвэрлэлийн, хүнсний аюулгүй байдлын стандарт, шаардлагын талаар суралцах эрмэлзэлтэй бөгөөд аяллаас буцаж ирээд одоогийн ажлын байрандаа дор хаяж 1 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах, суралцсан мэдлэг туршлагаа байгууллага дотроо болон салбарын бусад БЖДҮ оролцогч талуудад хуваалцах эрмэлзэлтэй байх;
- Санхүүгийн шаардлага: Нийт аяллын зардал (онгоцны тийз, байр, хоол, унаа, орчуулагч, виз, даатгал г.м.)-ын 50% хүртэлх хэмжээг төлөх боломжтой байх;
Дэд салбарууд:
- Гурил, үр тарианы үйлдвэрлэл
- Согтууруулах бус нэрмэл ундааны үйлдвэрлэл
- Согтууруулах бус ундаа, эрдэс ус болон бусад савласан усны үйлдвэрлэл
- Жимс жимсгэнэ, хүнсний ногооны шүүсний үйлдвэрлэл
- Төмсний боловсруулалт, хадгалалт
- Талх болон нарийн боовны үйлдвэрлэл
- Гоймон, хэрчсэн гурил, кускус, болон энэ төрлийн цардуул агуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Элсэн чихрийн үйлдвэрлэл
- Хөдөө аж ахуйн хүнс, ус, ундааны бүтээгдэхүүний жижиглэн худалдаа
Бүртгэл хаагдах хугацаа: 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг
Бүрдүүлэх материал:
- Товч танилцуулга (CV)
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Байгууллагын тодорхойлолт
- Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.
Хавсралт материалуудыг ccr.mongolia.office@caritas.cz хаягаар 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдах ба төслийн баг зөвхөн бичиг баримтын эхний шатанд тэнцсэн байгууллагын төлөөллүүдтэй холбогдож дараагийн шатны шалгаруулалтад урих болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70135899 утсаар лавлана уу.