Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад ажиллаж байна. Тус аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30 см-т хүрчээ. Аймгийн хэмжээнд 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орсон байна. Тухайлбал, 200 гаруй толгой малтай байсан Эрдэнэсант сумын малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлджээ. Сумын төвөөсөө 16 километр зайд өвөлжиж байгаа С.Эрдэнэ-Очирынхоос төв орох зам хаагдаж, цасанд дарагджээ. Тэднийх 400 гаруй толгой малтай тоолуулсан, 30 хувьтай нь л үлджээ.