УБ-Сонгдо эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ээлжит ажлаараа Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын 15 ажилтныг бүтэн биеийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрууллаа. Тус эмнэлгийн Бизнес хөгжлийн албаны дарга Д.Одбаяраас энэ удаагийн ажлын онцлог болон ОБЕГ-ын ажилчдыг сонгох болсон шалтгааныг тодруулсан юм.
-Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй энэ удаагийн ажлын онцлог талыг дурдахгүй юу?
-УБ-Сонгдо эмнэлэг нь нийгмийн салшгүй нэг хэсгийн хувьд нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг шийдэхэд санаачилга гарган хаана, хэнд, ямар хэрэгцээ байгааг олж харахыг хичээдэг ба энэ удаад ОБЕГ-ын 15 ажилтныг бүтэн шинжилгээнд хамруулахаар болсон. Энэ нь Зэвсэгт хүчний 103 жилийн ой, олон улсын эмч нарын баярын өдрийг угтан хийж буйгаараа онцлог.
“Зүрх мартахгүй” төслөөр 30 мянга гаруй хүүхдэд үзлэг хийж, 1087 хүүхдийн зүрхийг аварсан.
Энэ үйл ажиллагааг эмч нар болон удирдлагын багийнхан маань санаачлан хэрэгжүүлж байгаад баяртай байна. Энэ удаад тэргүүн эгнээнд ажилладаг 15 ажилтныг хамруулаад намраас дахин 15 хүнийг хамруулна. Манай эмнэлгийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд иймэрхүү үйл ажиллагааг тогтмол хийдэг бөгөөд үүний нэг тод илрэл нь “Зүрх мартахгүй” төсөл.
2020 оноос эхэлсэн уг төслийн хүрээнд 30 мянга гаруй хүүхдэд үзлэг хийж, 1087 хүүхдийн зүрхийг аварсан байна. Ингэхдээ зөвхөн Монгол гэлтгүй Киргизстан, Афганистан, Тува зэрэг хилийн чанд дахь хүүхдүүдийг мөн үзлэгт хамруулж, 75 мянга гаруй километр явсан.
-Яагаад заавал ОБЕГ-ын ажилчдыг сонгох болсон бэ?
-ОБЕГ-ын аврагчид бол чимээгүй баатрууд гэж бид боддог. Хаана гал түймэр, үер усны гамшиг болно, тэнд аврах ажилчид байдаг. Яг л эмч нарын адилаар хүний алтан амийг аврахыг гол зорилгоо болгон ажилладаг. Харин үүний тулд тэд эрүүл байх ёстой учир сонгосон юм.
Бид ОБЕГ-ын Эрүүл мэндийн тасгийн хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Ц.Даваацэрэнтэй хамтран судалгаа хийсний үр дүнд ажилчдын ажиллах орчин нөхцөлд нь тохируулан багцын шинжилгээгээ бүрдүүлсэн. Тухайлбал хортой, доргилттой, халуун, бүгчим гээд цаг агаарын хүнд нөхцөлд алба хаадаг учир илүү нарийвчилсан шинжилгээнд хамруулахыг зорьсон.
Ажилчдын насны хувьд харьцангуй залуу буюу 18-40 насныхан байгаа бөгөөд тэднийг эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр төрлийн багцын шинжилгээнд хамруулж байна. Үүнээс заримыг дурдвал, ходоодны дуран, зүрх, хэвлийн эхо, зүрхний бичлэг, хөхний рентген, нойр булчирхай, бөөрний шинжилгээ зэрэг бий бөгөөд холбогдох эмчийн үзлэгүүд ч багтсан.
-ОБЕГ-ын ажилчдад зориулан тусгай багц шинжилгээг гаргасан гэлээ шүү дээ. Ер нь ОБЕГ гэлтгүй өөр байгууллагууд танай эмнэлгээр орчин нөхцөлдөө тохирсон багц гаргуулах боломжтой байдаг уу?
-УБ-Сонгдо эмнэлгийн хамт олон 2007 онд Монгол Улсад анх удаа багцын шинжилгээг нэвтрүүлсэн. Одоогоор манайд энгийн багцаас эхлээд витамины, зүрхний, хавдрын, хоол боловсруулах, алтан, VIP зэрэг 20 гаруй төрлийн багцын шинжилгээ байна.
Байгууллагууд онцлогтоо тохирсон багцын шинжилгээг 30 хүртэлх хувийн хөнгөлөлттэй бэлдүүлэх боломжтой.
Бид бусад байгууллагын ажлын орчин нөхцөл, ажилчдын насны бүтэц зэрэгт тохирсон багц шинжилгээнүүдийг бүрдүүлж өгөх боломжтой. Энэ хүрээнд бид жил бүр HR Event-ийг зохион байгуулдаг.
Өдөрлөгөөр хувийн болон төрийн байгууллагын 30 төлөөлөл манай эмнэлгийн үйл ажиллагаа, эмнэлзүйн үйлчилгээнүүдтэй танилцан байгууллагынхаа онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх багцыг бэлдүүлэх боломжтой.
Энэ жилийн арга хэмжээг дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн. Одоогоор 20 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлсэн байна. Өдөрлөгт оролцох бол манай эмнэлгийн урьдчилан сэргийлэх багцын менежерийн 8008-7711 дугаараар холбогдож болно.
Онцгой байдлын алба хаагчид жилд хоёр удаа эмчийн үзлэгт орохоор төлөвлөгөөндөө тусгасан байдаг ч ажлын нөхцөл байдлаас шалтгаалан тухай бүрд нь хамрагдаж чадахгүй тохиолдлууд гардаг аж. Харин энэ удаа нэг дор, олон хэрэгтэй шинжилгээ өгч чадаж байгаа нь маш давуу талтай байгааг ОБЕГ-ын ажилчдын төлөөлөл хэлж байлаа.
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэргийн архивын эрхлэгч, ахлах дэслэгч, С.Жавзандулам, Одоогоор би цус, шээсний шинжилгээ өгч, зүрхний цахилгаан бичлэг хийлгээд байна. Миний хувьд ийм багц шинжилгээнд оръё гэж боддог ч цаг зав тэр бүр гардаггүй. Нэг өдөр ажлаасаа чөлөөлөгдөөд ийм хэрэгтэй шинжилгээнүүдэд хамрагдаж байгаадаа маш баяртай байна гэв.
Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн захирагч, хошууч, Н.Мөнхбат, УБ-Сонгдо эмнэлэг нь нийслэлийн томоохон эмнэлгүүдийн нэг. Орох шинжилгээ, үзлэгүүдтэйгээ танилцахад хэрэгтэй маш олон шинжилгээ байна. Манайх жилдээ хоёр удаа эмчийн үзлэгт хамрагдах үүрэг даалгавартай байдаг.
Гэхдээ ажлын цаг, нөхцөл байдлаас шалтгаалан заримдаа орж чадахгүй тохиолдол бий. Боломжтой үедээ дүүргийнхээ эмнэлэгт очоод үзүүлдэг. Энэ удаад томоохон эмнэлгийн хүчин чадал сайтай тоног төхөөрөмж дээр оношлуулж, шинжилгээ өгөх боломж гарсанд үнэхээр баяртай байна гэсэн юм.