Дэлхийн эдийн засгийн
эргэлтийг боомтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд
хуурай боомт, логистикийн төвүүдийг байгуулах замаар бусад улс орнуудтай
тээвэр, худалдааг төвөггүй эрхэлж байна.
Эдүгээ дэлхийн 27 орон
270 орчим хуурай боомтыг хөгжүүлж, худалдаа, тээврийн асуудлаа шийдэж байгаа юм.
Далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр тодорхойлж, худалдаа бараа эргэлтийн гол зангилаа болох Замын-Үүдээс уг ажлыг эхлэхээр шийдвэрлээд байгаа. Өөрөөр хэлбэл Замын-Үүд “Боомтын сэргэлт”-ийн бодлогоор эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах ажлын эхлэлийг тавина гэсэн үг.
Замын-Үүд боомтод эхний ээлжинд “Бүс нутгийн логистикийн төв”-ийг байгуулах бөгөөд энэ оны эхний хагаст багтаан хуурай боомтын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулахаар ажиллаж байна.
Замын-Үүд боомтын хувьд эдийн засгийн төв коридорын гол зангилаа буюу гурван улсыг холбох төв гэдгээрээ онцлогтой. Уг боомтын хүчин чадлыг өргөтгөх шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолбор 8 дахин томорч, зорчигч тээврийн 30, ачаа тээврийн 28 барилга, дэд бүтцийг өргөтгөөд буй юм. Түүнчлэн Замын-үүдийн хувьд дэлхийн томоохон зах зээл болох БНХАУ-д ойрхон, стратегийн хувьд хамгийн ашигтай байршилтай Тяньжин далайн боомтоос ачаа хүлээн авах боломж өндөр учир төмөр зам, автотээврийн хоршил сайтай гэдгээрээ бусад боомтуудаас давуу талтай. Харин чингэлэг овоолгын талбай, гаалийн баталгаат агуулах хүрэлцээгүйгээс үүдэлтэй сүүлийн жилүүдэд Хятадын далайн Тяньжин боомтоос чингэлэг татах, тээвэрлэлтийн ачааллын улмаас тээврийн өртөг нэмэгдэх, ачаа таталт удаашрах бэрхшээлтэй монголчууд нүүр тулж байгаа. Энэ нь ачаа буулгах техникийн, дэд бүтцийн, логистикийн нөхцөл, хүчин чадал сул байгаатай холбоотой. Харин үүний шийдэл нь хуурай боомтын асуудал гэдгийг Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний Хорооны дарга Б.Тулга онцолж байгаа. Түүний тодотгосноор хуурай боомтуудад ачаа тээврийн логистикийн терминал, төвүүдийг байгуулах замаар шийдэх бөгөөд үүнийг төр хувийн хэвшлийн түншлэлээр урагшлуулах боломжтой юм байна.
Хуурай боомт байгуулах ач холбогдлын тухайд далайд гарцгүй орны хувьд транзит тээврийг хөгжүүлэх замаар олон улсын ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалттай уялдуулан гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлнэ гэдгийг албаныхан тодотгож буй юм. Улмаар далайд гарцгүй улс орнууд хил гааль, тээвэр логистикийн нэгдсэн, цогц үйлчилгээ бүхий хуурай боомтыг хөгжүүлснээр экспорт, импортын ачаа бараа хил гаалиар саадгүй нэвтрэх, нутгийн гүнд буух, тухайн байршлаас шууд экспортлох давуу тал бүрдэх юм байна. Одоо байгаа тээвэрлэлтийн хугацааг богиносгох, дамжин өнгөрөх хил гаалийн хяналт шалгалтыг шуурхай болгох, техник технологийн нөхцлийг сайжруулах, далайн тээврийн чингэлэг түрээсийн төлбөрийг багасгахад хуурай боомтын хөгжил чухал үүрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ
сэргэлтийн тэргүүлэх чиглэлд багтсан “Боомтын сэргэлт”-ийн том алхам нь хуурай
боомтын хөгжил болохоор байна.