fitness
  • 310 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-26

“Үр дүнд суурилсан төсөвлөлт ба төлөвлөлт” сэдэвт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд зориулсан сургалт-өдөрлөг өнгөрсөн баасан гарагт боллоо. Сэтгүүлчид улсын төсөв болон үр дүнтэй төсөвлөлтийн талаарх мэдлэг, ойлголтоо сайжруулж, улсын төсөвтэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийж, олон нийтэд оновчтой мэдээлэх чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлэхэд Европын Холбооны санхүүжилттэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс санаачлан, Эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй хамтран уг сургалтыг зохион байгуулав.    

Сургалтад УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн шийдвэр гаргах түвшний төлөөлөл оролцож, мэдээлэл өгсөн юм. 

Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийг нэвтрүүлэх нь төсвийн хөрөнгийг ил тод, үр ашигтай, хариуцлагатай зарцуулахад чухал нөлөө үзүүлэхийн зэрэгцээ иргэд, шийдвэр гаргагчид хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, улмаар ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэхэд гол хүчин зүйл болдог. Өргөн хүрээний энэхүү шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэхэд олон нийтийн ойлголтыг сайжруулах, төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дэмжихэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх нь маш чухал юм.     

Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг, “Бид төсвийн тогтолцоогоо бусад улс орнуудад эрчимтэй нэвтрүүлэн хэрэглэж эхлээд байгаа үр дүнд чиглэсэн төсөвлөлтийн чиг хандлага руу нийцүүлж шинэчлэх томоохон зорилт тавьж байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн дэлхийн зорилго, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулж 2020 онд УИХ-аас баталсан Алсын хараа 2050-Урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болох учиртай” хэмээн онцлон тэмдэглэв.

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоог өндрөөр үнэлж “Европын Холбоо нь хэвлэлийн эрх чөлөө, олон ургальч үзлийг орчин үеийн ардчиллын нэгэн тулгуур багана, мөн үзэл бодлоо чөлөөтэй, нээлттэй илэрхийлэх чухал хүчин зүйл гэж үздэг. Хэвлэл мэдээлэл нь төсвийн асуудалд анхаарал хандуулж, ил тод байдлыг дэмжих замаар нийгмийн сайн сайхны төлөө төр засгийн хариуцлагыг нэмэгдүүлж улмаар төрийн санхүүгийн удирдлагад онцгой хувь нэмэр оруулдаг” хэмээн хэллээ.

Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матильда Димовска тус үйл ажиллагааны ач холбогдлыг онцгойлон дурдаж, “Төсвийн ил тод, хариуцлагатай байдал гэдэг бол монголчууд болон улс орны хөгжлийн замналд нөлөөлөх амин чухал сэдэв юм. Олон нийтэд зөв мэдээлэл түгээж, төр засаг хариуцлагатай, ил тод ажиллахад хэвлэл мэдээллийн дэмжлэг, оролцоо  онцгой чухал. Төсвийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, оновчтой мэдээлэх нь ихээхэн хүчин чармайлт шаарддаг тул хэвлэл мэдээллийнхэнд зориулсан энэхүү өдөрлөгөөр бид төсөвлөлт, төлөвлөлтийн сэдвээр дүн шинжилгээ хийх, мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл олгохыг зорьж байна” гэв.

Тус арга хэмжээний нэгэн хэсэг болох хэлэлцүүлгийн үеэр судлаач эдийн засагч, шийдвэр гаргагч болон хэвлэлийн төлөөлөл бүхий зочин оролцогчид үр дүнд суурилсан нэгдсэн удирдлага зэрэг сүүлийн үеийн хөгжлийн чиг хандлага, төсвийн чиглэлээр тулгамждаж буй асуудал, бодлого төсөвлөлтийн урт хугацааны тогтвортой байдал зэрэг сэдвүүдээр сонирхолтой яриа өрнүүлэв.

Түүнчлэн эдийн засаг, төсвийн талаарх мэдээ мэдээлэл бэлтгэхэд сүүлийн үед ашиглаж буй арга техникүүд, тухайлбал эдийн засгийн мэдээллийг тайлбарлах сэтгүүл зүйгээр хүргэх, Хиймэл оюун ухаан болон Рийл ашиглан мэдээ хийх, олон улсын хэвлэлд Монголоос мэдээ хэрхэн бэлтгэж оруулах талаар суралцах боломж сэтгүүлчдэд олдсон юм.

Европын Холбооны тухай
Европын Холбоо бол Европ тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Тус Холбоо нь хүний эрхэм чанар, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёс, хүний эрхийг түүний дотор цөөнхийн эрхийг дээдлэх үндсэн үнэт зүйлс дээр тулгуурлан байгуулагджээ. Өнөө цагт Европын Холбоо нь даян дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.

НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг. 

Бусад мэдээ

БОКС: Б.Чинзориг, Б.Мишээлт нар ДАШТ-ий хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана

БОКС: Б.Чинзориг, Б.Мишээлт нар ДАШТ-ий хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны нийслэл Таш

Манай улс ӨМӨЗО-той боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Манай улс ӨМӨЗО-той боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол Улсын оюутнуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд суралцуулах

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.