УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны Мягмар гарагийн хуралдаанаар элэгний D вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний тухай хэлэлцэв.
Монгол Улсад гепатит вирусийн тархалт өндөр, халдвартай иргэд элэгний хатуурал, хорт хавдраар өвчлөх, нас барах тохиолдлоор дэлхийд дээгүүрт орж байгаа. Элэгний B, D вирусийн хавсарсан халдвартай өвчтөний 80% хүндэрч байна.
B вирусийн халдвартай хүмүүсийн 5% нь гепатитын D вирусийн хавсарсан халдвартай гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) үздэг.
Олон улсад хийгддэг нэгдсэн мета-анализын аргаар тооцож үзэхэд манай улсад гепатитын D вирусийн халдвартай 66,000 хүн байх тооцоо гарсныг ЭМ-ийн сайд хэлэв.
Манай улс 2017 оноос “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
ДЭМБ-аас гепатитын D вирусийн халдварыг эмчлэхэд пэг-интерферон хэрэглэхийг зөвлөдөг бөгөөд эмчилгээ 48 долоон хоног үргэлжилдэг, дэлхий дахинд булевиртидийг ирээдүйтэй эм хэмээн үзэх болжээ.
ОХУ-д Мирклудекс Б (Myrcludex B), АНУ-д Хэпклудекс (Hepcludex) булевиртид эмийг Европын Холбооны зарим улс болон ОХУ эмчилгээнд нэвтрүүлж байгаа бол АНУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй аж.
Харин манай улс энэ оны нэгдүгээр сард эмчилгээний зааварт өөрчлөлт оруулж, пэг-интерфероны, булевиртидийн, булевиртид ба пэг-интерферон хавсарсан гэсэн гурван төрлийн эмчилгээний горимыг тусгажээ.
Булевиртидыг анх ОХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд патентаа АНУ-ын Gilead Science компанид худалдахдаа зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг авч үлдсэн. Элэгний вирусийн халдвартай монгол иргэд ОХУ-ын Буриад улсад очиж эмчлүүлэх тохиолдол цөөнгүй байгаа тухай Эрүүл мэндийн сайд мэдээлэв.
ЭМЯ-наас ОХУ болон АНУ-тай булевиртид эмийг нийлүүлэх талаар яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд аль аль тал нь хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгджээ.
ОХУ-ын Буриад улсад монгол иргэдийг эмчилгээнд хамруулах талаар ХӨСҮТ болон Улаан-Үдийн СПИД төв хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байна.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн санхүүжилтэд 2023 онд 13.5 тэрбум төгрөг тусгасны 9.7 тэрбум төгрөгөөр пэг-интерферон худалдан авах эрхийг ХӨСҮТ-д шилжүүлж, тендер зарлажээ. Тендерт “Илдэнгүн хошуу” ХХК шалгарч, 7.7 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан боловч “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага (НҮТББ)-аас уг тендер шалгаруулалтад хяналт, шалгалт хийлгэхээр УИХ-ын гишүүнд болон хууль хяналтын байгууллагад хандсан тул уг худалдан авалтыг зогсоосон байна.
Хэрвээ зогсоогоогүй бол гепатитын D вирусийн халдвартай 800 гаруй иргэнийг тарилгад хамруулах боломжтой байсныг Эрүүл мэндийн сайд хэлэв. Тус тендерийн үнэ болох 7.7 тэрбум төгрөг хэрэглэгдээгүй, ХӨСҮТ-д байгаа бөгөөд улсын төсөвт энэ зориулалтаар долоон тэрбум төгрөг тусгагджээ. Нийт 14 тэрбум гаруй төгрөгийн эм худалдан авахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, эмчлүүлэгчдийн өртөг, зардлыг өсгөхгүй байх шаардлагатай тул энэ асуудлыг ойрын хугацаанд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх тул дэмжиж өгөхийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдээс хүссэн юм.
НҮТББ-ын хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа ЭМ-ийн сайд илэрхийлээд, тендерийн асуудлыг шалгаж дууссаны дараа тэдгээр хүмүүсийн заримыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэв.
“Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ-аас ОХУ-ын Буриад улсад эмчилгээ эхлүүлсэн 60 хүнийг төрөөс зардлыг хариуцах, үнэ төлбөргүй эмчилгээнд эхний ээлжид хамруулах, булевиртидийг АНУ-аас бус ОХУ-аас авах шаардлагыг тавьж байгаа, үнийн хувьд АНУ-аас авах нь эмчлүүлэгчдийн сар тутмын зардалд хэмнэлттэйг Эрүүл мэндийн сайд дурдав.
Мэдээллийн дараа Байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Гепатитын B, D вирусийн халдвартай иргэдийн дийлэнх нь эмнэлгээс халдвар авсан, төрийн буруутай үйл ажиллагаанаас болсон асуудлууд цаашдаа маш их гарахаар байгааг харгалзан төрөөс иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж, нөхөн төлбөр олгодог байх тухай хуулийн төсөл санаачилж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Пэг-интерфероны эмчилгээ хоцрогдсон, одоо дэлхий дахинд булевиртид эмийн эмчилгээ тэргүүлэх байр суурьтай байгааг олон улсын мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байхад “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн 2023 оны санхүүжилтээр пэг-интерферон худалдан авахаар тендер зарласан нь буруу.
Булевиртид ба пэг-интерферон хавсарсан эмчилгээ илүү үр дүнтэй гэсэн ташаа мэдээлэл хийхгүй байх хэрэгтэй.
Пэг-интерфероны эмчилгээ хийлгэж байгаа 100 хүний 30 нь гаж нөлөөнөөс болоод уг эмчилгээг үргэлжлүүлж чаддаггүй, эдгэрэх магадлал ердөө 25-26 хувьтай байдаг эмийг зүтгүүлээд байгаагийн цаана ашиг сонирхлын зөрчил байна гэсэн хардлага төрж байна.
Тэрбээр 2023 оны төсөвт туссан 13.5 тэрбум төгрөгийн төсвөөс 1.8 тэрбум төгрөгөөр ХӨСҮТ-ийн оношлуур, багаж хэрэгслийг шинэчлэхэд дотор нь чих, хамар, хоолойн оношлуурын Лорын аппаратыг оруулж авсан нь элэгний B, D вирустэй ямар холбоотой вэ? хэмээн асуусан юм.
ХӨСҮТ-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмаа: Халдвар тархалтыг оношлохын тулд бүх төрлийн багаж, хэрэгсэл хэрэгтэй байдаг. Богино хугацааны уламжлалт пэг-интерферон эмчилгээний механизм нь элэгний вирусийн үржлийг нь дарангуйлдаг бол урт хугацааны булевиртид эмчилгээний механизм нь вирусийн элэгний эс рүү нэвтрэх гарцыг хаадаг. Аль алинд нь давуу бол сул тал байдаг, судалгаанаас харахад хавсарч хийсэн тохиолдолд 80-100 хувийн үр дүн гарч байгаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: Эм, эмчилгээний сонголтын хувьд хэнд ч, ямар ч ашиг сонирхол байхгүй. Пэг-интерферон бол өнөөдрийн байдлаар ДЭМБ албан ёсоор бүртгэсэн цорын ганц эм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Элэгний С вирусийн өвчлөлтэй тэмцэх асуудлыг халдвартай хүн нэг бүрт 100-200 ам.доллароор тооцон улсын төсөвт санхүүжилт суулгаж шийдвэрлэсэн тухай ярьж, төсөв батлах, тодотгох бүр нэмж тусгах замаар гепатитын B, D вирусийн халдварыг иргэдийн халааснаас зардал гаргалгүй төрөөс 100 хувь дааж шийдвэрлэх боломж байгаа гэж үзэж байна.
Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг өсгөн нэмэгдүүлснээр өнөөдөр дотоодын эмийн зах зээл дээр 500-700 тэрбум төгрөг эргэлдэж байгаа, зардал санхүүжилтийг чухал зүйлд чиглүүлж, цаг алдалгүй шийдвэрлэж ажиллах шаардлагатай. Тендер шалгаруулалтыг үр дүнтэй, зөв, шуурхай зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа, ХӨСҮТ-ийн худалдан авалтыг будилуулсны цаана тодорхой эрх ашиг байгаа бол түүнийг илрүүлж хариуцлага тооцох ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ дээрх 7.7 тэрбумын тендер шалгаруулалтын асуудлаар Авлигатай Тэмцэх Газарт гомдол гаргасан бол шийдвэрлэгдэхэд хугацаа орохоор болсон байна.
Халдвартай иргэдийн эмчилгээнд сар тутам 6-7 сая төгрөг, жилд 100 сая орчим төгрөгийн зардал шаардагдах бол 66,000 иргэний эмчилгээний зардлыг улсын төсөв даахгүй. Иймд эмчилгээний зардлыг төрөөс 100 хувь даах тухай ойлголтыг олон нийтэд өгөх нь буруу. Гепатитын B, D вирусийн халдвараас гадна Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчин байна. Цаашид энэ маягаар зардал санхүүжилт шаардаад байвал бүгдийг төрөөс шийдвэрлэх боломж бололцоо байхгүй тул иргэдийн өөрсдийнх нь эрүүл мэндээ хамгаалах үүрэг, хариуцлагыг бас ухуулан таниулах нь зүйтэй.
УИХ-ын гишүүн П.Анужин: Иргэдээс эн тэргүүнд тавьж байгаа зүйл бол эмчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцах тухай хүсэлт болохыг тодотгож, шийдвэрлэх боломж бий гэж үзэж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газраас 29 сая еврогийн зээл авсныг тэглээд, ДОХ, сүрьеэгийн эмчилгээнд зориулж Глобал сангаасаа олгох санхүүжилтийн энэ хэмжээгээр нэмэх асуудлыг тус улсын тал санал болгож буйг мэдээлж байсан юм. Уг санхүүжилтийн зориулалтад B, D вирусийн халдварын эмчилгээг нэмж оруулах талаар ярилцаж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Төсвийн санхүүжилт, түүний хэмжээг шийдвэрлэхийн тулд халдвар авсан иргэдийнхээ тоог нарийвчлан тогтоож, илрүүлэх шаардлагатай.
УИХ-ын гишүү Ж.Чинбүрэн: “Элэгний B, D вирустэй тэмцэгчдийн” НҮТББ-ын шаардлага зэрэгт уян хатан хандах нь зүйтэй.
Ковид19 цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан туршлагадаа тулгуурлан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үүсэж бий болсон нөхцөл байдлыг ил тод мэдээлж, холбогдох талуудаар тайлбарлуулж, нээлттэй ажиллах хэрэгтэй.
Өнөөдрийн байдлаар 28 лаборатори B, D вирусийг тоолох шинжилгээ хийж байгаа аж.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал: Гепатитын B вирусийн эсрэг дархлаажуулалтыг манай улс 0-2 насны хүүхдүүдэд, үндсэндээ төрмөгц хийдэг учир хамралт маш сайн байдаг.
Харин уг вирусийн дархлаа хүний хэдэн насанд унаж байгааг нарийвчлан судлах шаардлагатай. Өөрсдийн зардлаар эмчлүүлсэн B, D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгох олон хувилбар аргыг ярилцаж байгаа.
Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдав.
Ингэснээр “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний төлөвлөгөө (2022-2025)-ний хэрэгжилтийг эрчимжүүлэх, гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмчилгээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээг авах, гепатитын В вирусийн эсрэг дархлал тогтцыг судлан, нэмэлт дархлаажуулалтад хамруулах асуудлыг судалж, шийдвэрлэх, гепатитын В, D, С вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хяналтыг сайжруулах, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, В, D вирустэй иргэдийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах талаар судлах, боломжит арга хэмжээг авч шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгож байгаа аж.