Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно.
Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр "Бүртгэлийн байгууллага сонгуулийн хуулийн дагуу сонгогчийн нэрийн жагсаалтыг гардаг. Энэ дагуу энэ сарын 29-ний өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөн зогсоно. Нийслэл хотод хаягийн бүртгэлтэй 1 сая 730 мянган иргэн байна. Урьдчилсан байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргахад 1 сая 940 мянган бүртгэгджээ.
Гэхдээ Улсын дээд шүүх, ШШГЕГ, УХМЕГ-аас нэрс ирэх бөгөөд эдгээр байгууллагаас ирсэн нэрс сонгогчийн нэрийн жагсаалтаас хасагддаг. Иргэд тухайн хаягаасаа нүүсэн ч хасалтаа хийлгэдэггүй. Энэ нь уг хаяг дээр олон хүн амьдарч байгаа юм шиг харагддаг. Тиймээс иргэд та бүхэн заасан хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийх шаардлагатай.
Түүнчлэн тухайн хүний байнга оршин суудаг хаяг дээр нь танихгүй, гэр бүлийн биш хүн хүмүүс байвал УБЕГ-т өөрийн биеэр өргөдөл өгч болно. Мөн burtgel.gov.mn хаягаар хандаж тухайн нэрсийн жагсаалтаас харилцаж байгаа мэдээлэл зөрүүтэй бол шалгах гэсэн цэс рүү ороод гомдол гаргах боломжтой" гэв.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэн өөрийн оршин суугаа хаягийн мэдээлэл болон нийт сонгогчийн мэдээллийг https://election.burtgel.gov.mn/ цахим хуудаснаас харах боломжтой.
Ташрамд, нийслэлийн 204 хороонд улсын бүртгэгч ажиллаж иргэний бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээг үзүүлдэг байсан. Өнгөрсөн оноос 29 төв, цэгээр 32 төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 29 цахим машинаар иргэн, хуулийн этгээдэд 24 төрлийн лавлагаа, үйлчилгээг үзүүлж байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс