Хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасан өөрчлөгдөн зохицдог. Өөрөөр хэлбэл хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж нэлээд зүдэрдэг аж. Товчхондоо үүнийг л хаврын ядаргаа гэж нэрлэдэг байна. Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарладаг. Ядарч сульдсан махбод ямар ч дархлаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг зөвлөдөг. Хаврын ядаргаа гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг. Шинж тэмдэг нь тун энгийн. Ханатлаа унтсан ч нойр хүрч, толгой өвдөөд байвал ядаргаанд орсны дохио. Ямар ч юманд дур сонирхолгүй хандах, хүчгүй болох, үе мөч өвдөх зэргээр шинж илэрч байвал биедээ анхаарахыг зөвлөе. Цаг агаар дулаарч, нэмэх хэм дээшлэх хэрээр цусны судасны хана тэлж даралт буурах өөрчлөлт хүний биед илэрдэг. Ядаргааны шинж тэмдгүүд их бага хэмжээгээр илэрч л байвал яаралтай арга хэмжээ авч ядаргаагаа тайлах хэрэгтэй.