Хар тамхи, мансууруулах бодис гэхээр чинээлэг айлын хүүхдүүд л хэрэглэдэг байх гэх нийтлэг ойлголт нийгэмд бий.
Тэгвэл энэ нь судалгаагаар үгүйсгэгдсэн байна. Тодруулбал сүүлийн таван жилд 1,500 орчим хүн дээрх төрлийн гэмт хэрэгт холбогджээ. Тэдний 92 хувь нь 35 хүртэлх насныхан байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг "Холбогдсон хүмүүсийн орлогын байдалд нь дүн шинжилгээ хийж үзэхэд 60 орчим хувь нь ажилгүй, орлогогүй хүмүүс байна. 58 хувь бүрэн дунд боловсролтой.
Иргэд хөрөнгөтэй хүмүүс л хэрэглэдэг гэж бодоод, орлого багатай учраас манай хүүхэд үүнээс хол байх нь гээд хүүхдээ анхаардаггүй.
Гэтэл манай улсын нутагт зэрлэг байдлаар ургадаг олс гэх ургамал олон мянган га газарт ургаж байгаа. Үүнийг түүж бэлтгэхэд хөрөнгө мөнгө орохгүй. Залуус цахим орчноос янз бүрийн мэдээлэл авч, түүж авч хэрэглэж байгаа тохиолдол их бий. Үүнд хөрөнгө мөнгө ялгахгүй гэмт хэрэг. Донтогч болсон, тухайн бодисоос хамааралтай болсон үед өөр гэмт хэрэг үйлдэж байгаа тохиолдол бий. Хулгай, залилан, биеэ үнэлэх, хүн амины гэмт хэрэг үйлдсэн тохиолдол ч бий" гэв. Иймээс хүүхдүүддээ анхаарал тавих хэрэгтэй цагдаагийн байгууллага зөвлөж байна.
Түүнчлэн ойрын өдрүүдэд Фэйсбүүкийн нэр бүхий хаягаас хар тамхи, мансууруулах бодистой холбоотой мэдээлэл цацсаар байгаа.
Түүний ярьж буй зүйлийг шалгаж буй эсэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуягаас тодруулахад "Нэр бүхий иргэн Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-д амьдардаг гэдгийг тогтоосон. Ярьсан мэдээлэлд нь анализ хийж, хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэдэг байсан, зарж борлуулдаг гэх мэтчилэн нэр дурдагдсан хүмүүсийг шалгахаар гэмт хэргийн бүртгэлд бүртгэн авч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна" гэв.
Монгол Улсад хар тамхины гэмт хэрэг бүртгэгдэж эхэлсэн цагаас хойш албан тушаалтан холбогдсон 12 тохиолдол бүртгэгдэж байжээ. Тодруулбал эмнэлгийн байгууллага, шүүхийн харуул, прокурор зэрэг алба хаагч холбогдсон байна. Мөн цагдаагийн байгууллагын нэг алба хаагч холбогдсон байдаг аж.