Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Узбекистан-Монголын бизнесийн төлөөллүүдийн уулзалт зургаадугаар сарын 24-ны өдөр Ташкент хотноо болов.
Айлчлалаар Узбекистан улсад шинэ зах зээл нээхээр Монголоос 40 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн юм.
Энэ үеэр М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал "Бидний хувьд Узбекистаны зах зээл Монголоос 10 дахин том учраас хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Түүнээс гадна Азийн бусад Монголтой итгэлцэлтэй болсон хөрөнгө оруулагч нар биднээс байнга Узбекистан руу хамтарч хөрөнгө оруулах хүсэлтийг тавьдаг.
Хонконг, Сингапурын хөрөнгө оруулагч нарын хувьд Узбекистан газарзүйн хувьд их хол санагддаг. Харин монголчууд зан заншил, соёл, оросоор ч их ярьдаг гэх мэт олон давуу талаараа Узбекистантай их ойрхон учраас хамтарч хөрөнгө оруулах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлдэг.
Манай компанийн хувьд Узбекистаны өсөж байгаа зах зээл рүү эхний ээлжид зах зээлээ ойлгох үүднээс цахим худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Мөн дижитал банк болон санхүүгийн зах зээлд Азийн хөрөнгө оруулагч нартай хамтарч хөрөнгө оруулах судалгааны ажлаа эхлээд явж байгаа.
Түүнчлэн Монголд олон улсын стандартад нийцсэн эрчимжсэн мал аж ахуйн өндөр зэрэглэлийн махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд эхэлчихсэн. Үүнийгээ Узбекистаны зах зээл рүү гаргахыг эрмэлзэж байгаа.
Гурван сая хүн амтай зах зээл Узбекистаны хөрөнгө оруулагч нарт жижиг санагдаж магадгүй. Гэхдээ Хятадын зах зээлд бид 20, 30 жил хамтарч ажилласан өргөн туршлагатай. Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг хамтдаа хийж хятадын зах зээл рүү гарах боломж байгаа гэж бодож байна" гэв.