fitness
  • 247 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-06-27

А.Амина

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдөр ирлээ. СЕХ-нд бүртгүүлсэн 23 нам, хоёр эвсэл хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийж, сонгогчдын саналыг авахын төлөө өрсөлдсөн ч уламжлал ёсоор хоёр том намын бодлого, мөрийн хөтөлбөр жин дарж, нэр дэвшигчид нь сонгогчдод илүү танигдсаныг судалгааны дүн хэлж байна.

Эрх баригч МАН-ын хувьд завсаргүй 8 жил засгийн эрх барьсан тул хөрөнгө мөнгө, хууль хүчний байгууллага, төрийн алба гээд юм юмаар “зодож”, бярдсан сонгууль хийлээ. Төрийн албанд байршуулсан намын гишүүдээ ажиллуулах, төсвийн мөнгөөр хийсэн ажлуудыг тайландаа тусгах зэргээр бусад улс төрийн хүчнүүдээс хамаагүй давуу нөхцөлд, гараанаас түрүүлж хөдөлсөн МАН уралдаанд түрүүлэх нь эхнээсээ л тодорхой байсан гэж болно.

Олон намын тогтолцоонд шилжсэнээс хойших 8 удаагийн чөлөөт ардчилсан сонгуулийн 6-д нь МАН ялалт байгуулсан. 100 гаруй жилийн хугацаанд тогтсон гүн бат суурийг нь бодсон ч, сүүлийн 34 жилийн дийлэнхэд төрийн эрхэнд байхдаа бий болгосон мөнгө санхүү болон бусад хүчин зүйлийг бодсон ч МАН-тай эн тэнцэх улс төрийн нам өнөөдөр Монголд байхгүй нь үнэн юм. Үүндээ эрдсэн эзэрхэг түрэмгий үйлдлийг МАН энэ удаагийн сонгуульд нэг биш гаргалаа. Өөрийн мэдэлд буй хүчний байгууллагуудыг хөдөлгөж Ардчилсан намын сонгуулийн штабаас албан хаагчдыг нь баривчлах, Үндэсний эвслийн сонгуулийн штабыг битүүмжилж хаах гэх мэт ёс зүйгүй, бусад намын сонгуулийн ажилд саад хийж, ардчилсан улсын төрийн сонгуулийг хүндэтгээгүй үйлдлийг эрх баригч хүчний зүгээс нэг биш удаа гаргасан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Гэсэн ч энэ нь МАН-д саналаа өгөх хүмүүсийн тоог огт өөрчлөхгүй билээ.

Учир нь, МАН-ын сонгогчдын санал хуваагддаггүй, харьцангуй тогтвортой байдгийн судлаачид хэлдэг. Өнгөрсөн зуунаас эхлэн үе дамжсан үнэнч гишүүд дэмжигчидтэй, үүн дээр нь төрийн албан хаагчид нэмэгдээд хэзээ ч, хаашаа ч хуваагддаггүй том цул санал МАН-ынх байдаг. Нөгөө талд нь МАН-ыг сонгохгүй гэсэн хэсгийн санал байх бөгөөд тэр нь Ардчилсан нам болон бусад намд хуваагддаг юм.

Улс төрийн хоёр том нам гэдэг нэр томъёоны нөгөө эзэн нь Ардчилсан нам. Сонгуульд авсан нийт саналыг нь тоолбол МАН-аас хол дутахааргүй олон түмний дэмжлэгийг хүлээдэг улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Эрх чөлөөнд, ардчилалд хайртай монголчууд Ардчилсан намд саналаа харамгүй өгдөг боловч 1992 оны анхны ардчилсан сонгуулиас хойш Ардчилсан нам хоёр удаа л парламентад олонх болсон. Сонгогчид саналаа өгсөөр атал Ардчилсан нам ялдгүйн шалтгаан нь тус намын санал жил жилийн сонгуулиар олон хуваагддагт оршдог. МАН-ыг сонгохгүй гэсэн хэсгийн санал Ардчилсан нам ба бусад улс төрийн хүчинд хуваагддаг нь нэгэнт тодорхой болсон зүйл.

Энэ удаагийн сонгуулиар ч Ардчилсан намын санал нэлээд хуваагдахаар байгаа. Үүнд Ардчилсан нам доторх уур амьсгал, эв зүйгээ олоогүй байдал багагүй нэрмээс болж буй. 2016 оны сонгуульд ялагдсанаасаа хойш л намаа шинэчилнэ гэж давхиад, эв зүйгээ нэг л олж чадахгүй явсаар 2024 онтой золгосон тус намынхны хувьд сонгуульд оролцож чадах эсэх нь ч эргэлзээтэй нөхцөл байдалд сонгуулийн жилийг эхлүүлсэн. Нэр дэвшүүлэлт, СЕХ-нд нэр дэвшигчдийн нэрсийг хүргэх хүртэл намын дотоод зодоон ил цагаан үргэлжилж, намын гишүүд, дэмжигчдээ эргэлзээнд унагасан. Сонгуулийн сурталчилгааны дундуур ч солио гажуу нөхөд нь цухалзсаар л байсан.

Үе үеийн дарга нарынхаа үйлийг эдлүүлдэг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг фракцуудаа тараагаад алдчихалгүй, ямар ч байсан нэг дээвэр дор зангидан сонгуульд оролцож чадсан нь Л.Гантөмөр намын дарга болсны гавьяа байв. Яг үнэндээ энэ удаагийн сонгуульд тэр намын гаднах болон намын доторх өрсөлдөгчидтэй зэрэг тулсан. Л.Гантөмөрийг л харлуулж гутааж байвал нам нь муухай харагдах юу ч биш мэт аашилсан нөхдүүд нэгээр тогтоогүй. Тэр ч бүү хэл өрсөлдөгч намаас мөнгө авч өөрийн намын даргаа харлуулах ажлыг зохион байгуулсан хүмүүс ч байв.

Энэ бүхэнд Л.Гантөмөр уул мэт тэвчээртэй байсны хүчинд Ардчилсан нам сонгуулиа амжилттай өндөрлүүлж байна. Нэг намын 8 жилийн ноёрхол хэтийдэж, ардчиллын амин үзүүлэлтүүд унасан, Ардчилсан намын орших уу, эс орших уу гэдгийг шийдэх зааг давхацсан энэ сонгуульд Ардчилсан намыг бүрэн бүтнээр нь оролцуулсан нь Л.Гантөмөрийн эхний амжилт байсан. Одоо сонгуулийн дүн хэрхэн гарахаас түүний дараагийн дүн тавигдана. Хэдхэн хоногийн өмнө, нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд шийдвэрээ хүргэж байхад хүртэл хэзээ мөдгүй тарж гүйхэд бэлэн мэт харагдаж, товчхондоо уналтынхаа хамгийн ёроолд хүрээд байсан Ардчилсан нам сонгуулийн сурталчилгааны явцад рейтинг нь бага багаар өссөөр өдгөө хамтарсан Засгийн газрын нэг багана болно гэсэн хүлээлт итгэлийг олон нийтэд төрүүлээд буй нь судалгаагаар харагдаж байгаа юм. Энэ бол Л.Гантөмөр, түүний багийнхны хүлээц, тэвчээр, зөв бодлого, зөөлөн хүчний үр дүн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

Л.Гантөмөр шиг тэсэгч, тэвчигч, даван туулагч, зөөлөн хүчээр зангидагч даргатай болсон Ардчилсан нам энэ сонгуульд амжилттай оролцчихвол цаашид эмх замбараа, хөл толгойгоо олох, улс төрийн том намын байр сууриа бэхжүүлж, дотоод асуудлаа нэг мөр цэгцлэн, нам шиг нам болж цэгцрэхэд ч ойрхон биз. Үе солигдож, Ардчилсан намыг өмч шигээ боддог ах нар цөөрч, залуус хүч түрэн орж ирсэн нь ийм итгэлийн галд тос нэмж байгаа билээ. Одоо хэрүүл маргаан биш, бодлого төлөвлөгөө ярьдаг болохоор зорьж буй нь залуу гишүүдийнх нь үг үйлдлээс харагдаж байна. Бодлого тодорхойлогч институц, улс төрийн том нам болоход давах ёстой даваагаа давсаар, очих ёстой газраа дөхсөөр яваа гэдэгт нь итгэе. Бүх хөдөлгөөн хөгжлийн төлөө байдаг хойно.

Удаа дараагийн судалгаагаар хоёр том нам хамтарсан засаг байгуулах прогноз гараад буй тухай дээр дурдсан. Өнөөгийн нөхцөл байдалд энэ нь ч зөв байж мэдэх юм. Учир нь хоёр том нам хамтарсан үед үндэсний хэмжээний зөвшилцөл бий болж, улс орны амьдралд бодитой ахиц авчрах том шийдлүүл гарч, мега төслүүд хөдөлдөг билээ.

Сүүлийн 8 жил байрандаа гацсан, зарим талаараа ухарсан улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийг хөдөлгөж тэтгэх зоригтой алхмуудыг хийх зайлшгүй шаардлага Монгол Улсад тулгараад байгаа. Нэг нам дангаараа хийе гээд хүч хүрэхгүй, үндэсний зөвшилцлөөр урагшлуулах боломжтой стратегийн том төслүүд ч олон жил яригдаж байна. Тиймээс хамтарсан Засгийн газар гэдэг үгнээс нэг их айж цочоод байх шаардлагагүй юм.

Хамтарсан Засгийн газарт зөвхөн Ардчилсан нам, МАН орох боломжтой гэсэн үг биш. Бусад намууд ч орох боломжтой. Харин олон нам орох тусам олон толгойтой болж, хүч нөлөө нь сарнидгийг бас санахад илүүдэхгүй. Бидэнд ийм туршлага бий. 2004-2008 онд Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт МАХН, Ардчилсан нам, Эх орон, БНН гэх мэт намууд орсон боловч Засгийн газраа задлах, дараагийн Засгийн газрыг байгуулах тухай ярьсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан удаатай билээ.

Харин 2008 онд МАН сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан ч Ардчилсан намыг Засгийн газарт урьж, тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баярын хэлснээр “стандарт бус” Засгийн газрыг байгуулсан нь “Оюутолгой” төслийг хөдөлгөх зорилготой байв. Энэ зорилгоо ч биелүүлсэн. Өнөөдөр монголчууд сайн, муу хэлсэн ч “Оюутолгой” төсөл бодит ажил хэрэг болсны үр шимийг нийтээрээ хүртсээр суугаа билээ.

Ардчиллыг дэмжигчдийн санал олон намд хуваагдан тарамдах тусам хүч нь сарнидаг талаар дээр дурдсан. Энэ удаа ч санал хуваагдаж, тарамдах нөхцөл бодитойгоор бий. Хэрэв санал хэт их хуваагдвал МАН-д үргэлжлүүлэн дангаараа засаглах боломж үүснэ. Тиймээс ардчиллыг дэмжигчид аль болох саналаа хуваагдуулж тарамдуулахгүй байхаа хүнээр хэлүүлэлтгүй мэддэг болсон биз ээ.


Бусад мэдээ

Зуны цагийн тоололд шилжих эсэх асуудлыг долоо хоногоор хойшлуулжээ

Зуны цагийн тоололд шилжих эсэх асуудлыг долоо хоногоор хойшлуулжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зуны цагийн тоололд шилжих эсэхийг шийднэ гэж байсан ч долоо х

Энэтхэгийн уул уурхайн компаниуд Хөрөнгийн биржийн арилжаанд орно

Энэтхэгийн уул уурхайн компаниуд Хөрөнгийн биржийн арилжаанд орно

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга өнөөдөр /2024.05.24/ БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн