Амь хохирогч Г.Батбаяр нь "гаднын нөлөөгүй нас барсан" гэх дүгнэлт гарч, хэргийг хаахаар мөрдөх байгууллагаас прокурорт санал хүргүүлсэн байна.
Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүх шинжилгээний ерөнхий газраас задлан шинжилгээ хийж, хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг албаныхан мэдээлж байсан билээ. Тэгвэл шүүх шинжилгээний дүгнэлтүүд эцэслэн гарч, хэргийн оролцогч нарт танилцуулжээ.
Хэрэв прокуророос мөрдөгчийн уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл өмгөөлөгч асан Г.Батбаярын амь насаа алдсан хэргийг "Гаднын нөлөөгүй" хэмээн хаах аж. Өмгөөлөгч асан Г.Батбаярыг Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоосны дараа цахим сүлжээнд "түүнийг буудуулж нас барсан байдалтай олдсон" гэх мэдээлэл гарч байв.
Мөн түүнийг нас барснаас хойших энэ хугацаанд талийгаачтай ярьж байсан болон хамаарал бүхий, ажлын хамтрагчид, холбоотой байсан хүмүүс түүний гэр бүлд дарамт нэлээн ирж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар талийгаачтай хамт ажилладаг байсан өмгөөлөгч Б.Долгион хоёр ч удаа үл таних хүмүүст зодуулж, хүнд гэмтэл авсан гэх мэдээлэл байгаа юм.
Б.Долгионы үнэмлэх
Улстөрийн зорилготой амь насыг нь хохироосон гэж үзэж буй түүний хамтрагчид нь энэхүү дүгнэлтийг чухам ямар байр суурианаас хүлээж авч байгаа нь одоохондоо тодорхойгүй байна.