Улаанбаатар хотод долдугаар сарын 20-ны өдрийн 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч ажиллаж, 14 мянга гаруй тонн ус соруулан, 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж ажиллажээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:
-Нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж болон хашаа байшин, орон сууцны хорооллын суурийн давхар усанд автсан дуудлага мэдээлэл ирсэн. Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох урьдчилсан төлөв гарсан байна. Иргэн, аж ахуй нэгж үерээс сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, цаг агаарын мэдээг тогтмол авч байхыг анхааруулж байна.
Наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно гэсэн урьдчилсан мэдээ гарсан.
Борооны улирал дуусах болоогүй байгаа. Тиймээс иргэд үерээс урьдчилан сэргийлж, өөрийн эд хөрөнгийг хамгаалахад анхаарч шуудайтай элс зэргийг бэлдэх шаардлагатай. Баяр наадмынамралтын үеэр нийслэлд таван хүн усны ослоор нас барсан. Үүний гурав нь том хүн, хоёр нь хүүхэд байсан. Энэ үеэр Улсын хэмжээнд 24 хүн усны ослоор нас барсан. Хүчтэй аадар борооны улмаас гол, усны түвшин нэмэгдэж байна. Тиймээс иргэд голын ай сав дагуу амарч зугаалахдаа сэрэмжтэй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг онцгойлон анхааруулъя” гэв.