Ховд аймгийн Булган суманд энэ 2024 оны 9 дүгээр сайрын 8-нд “БАЯН-ӨНДӨР хайрханы тэнгэрийг тайх ёслол” хийхээр төлөвлөж, бэлтгэл ажилдаа орсон байна. Энэхүү арга хэмжээг Ховд аймгийн Булган сумын уугуул, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуяг санаачилсан бөгөөд Ховд аймгийн Булган сумын ИТХ, ЗДТГ, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Торгон нутаг” ТББ, “Минжит Булган Баян-Өндөр хүүхдийн шатрын клуб” НҮТББ хамтран зохион байгуулах аж. Тус ёслолыг санаачлагч Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Ганхуягтай бид уулзаж, ярилцсанаа уншигч танд хүргэе.
-Торгууд түмэн Ховд аймгийн Булган сумынхаа дээд эхэн, хоймор талд, Булган голын хөвөөнд орой нь дүнхийн харагдах БАЯН-ӨНДӨР хайрханыхаа тэнгэрийг тайх ёслол үйлдэх гэж байгааг дууллаа. Яагаад ийм санаачлага гаргасан бэ?
Нутгийн уугуул, авьяаслаг сэтгүүлч Ж.Батхишигтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Би нутагтаа хүүхдийн шатрын ордон барьж ашиглалтад оруулсан. 2022 оны 9 дүгээр сард хайрханаасаа нэрийг нь гуйж ёслол үйлдсэн. Хүүхдийн шатрын ордоноо Баян-Өндөр хайрханы нэрээр нэрлэсэн түүхтэй.
Энэ үеэс л энэ сайхан хайрханы тэнгэрийг ёс журмаар нь тайх юмсан гэж бодож олон хүнтэй уулзаж санал солилцсон. Засаг дарга Ж.Дамдинбазартай ярилцаж байхад нэртэй, номтой гадаадын улсын лам түүнээс Булган сумынхан яагаадхайрхадын хайрхан Баян-Өндөрөө тайдаггүй тухай асуусаныг хэлж миний саналыг шууд дэмжсэн. Нутгийн зөвлөлийн дарга О.Батнасан, “Торгон нутаг” ТББ-ын гишүүд дэмжиж бэлтгэл ажилд оролцож байгаа. Төр, нийгмийн зүтгэлтэн Номингийн А.Шагдарсүрэн ах энэ уулзалтад оролцож дэмжсэн. Нутгийн уугуул, соён гэгээрүүлэгч Ц.Нацагдорж, Б.Үнэнбат нар нүүр номондоо энэ санаачлагыг дэмжсэн, асуудал, санал дэвшүүлсэн чухал мэдээдэл оруулсанд талархал илэрхийлье. Бодох, хэрэгжүүлэх олон асуудал дэвшүүлснийг тэмдэглэж байна. Хайрханы тэнгэрийг тайх ёслолоо их сайн зохион байгуулах үүрэг хариуцлага бидэнд оногдож байна.
Хоёрт, Нүүдэлчин Монгол түмэн бид эрт дээр үеэсээ уул, ус байгалиа тахин шүтэж ирсэн. 13-р зууны үеэс л Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж, шүтэж байхыг зарлигдсан байдаг. Өөрөөр хэлбэл байгаль, дэлхийгээ хайрлан хамгаалах, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг бэхжүүлэх, зон олныхоо эх оронч, үндэсний үзлийг сэргээн бадраах утга санаа нь тахилгын ёслолын гол ач холбогдол байдаг. Уул, овоогоо тайх ёслолыг нэг үе хориглодог байсан. 1990 оноос л сэргэсэнийг минй үеийнхэн мэднэ. Хүн бол байгаль ээжтэй салшгүй холбоотой. Энэ утгаараа унасан газар, угаасан усныхаа уул, устай ойр байж, шүтэн биширч, тэнгэрийг тайх ёслолд хотол олноороо идэвхтэй оролцохыг уриалж байна.
Баян-Өндөр хайрханы тэнгэрийг тайх ёслол нь торгууд түмний бахархал, ирээдүйг тэгшлэх чухал үйл хэрэг болно гэж үзэж байна.
- Аливаа уул, овооны тэнгэрийг тайх тахилгаёслол, журамтай байдаг. Хэрхэн зохион байгуулах гэж байна?
Овоо тахихдаа хүн бүр сэтгэл зүрхээ цэнгүүлж, баясгах аваас уул усны эзэн савдаг баярлаж, байгаль дэлхий ээл буянаа өгч, хур бороо алив сайн сайхан бүхнээ хайрладаг гэж хууччуул ярьдаг.
Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар баталсан “Уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг үндэс болгон зохион байгуулна.ЗДТГ-аас тэнгэрийг тайх тусгай хөтөлбөр гарна. Тахилгын ёслолын бүхий л үйл ажиллагаа “төр нь шашнаа хүндэлнэ, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг удирдлага болгоно. Бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах комисс ажиллана. Ёслолын үеэр ард иргэдээс анхаарах зүйлсийн талаар тусгай зааварчилга гаргаж түгээнэ. Байгаль орчноо хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх, үндэсний зан заншил, уламжлалаа дээдлэн зохион байгуулахыг зорьж байна.
-“БАЯН-ӨНДӨР хайрханы тэнгэрийг тайх ёслол”-д зориулсан арга хэмжээ нэлээд өдөр үргэлжлэх юм билээ. Хөтөлбөрт өөр ямар үйл явдал багтсан бэ?
9 дүгээр сарын 7-10 ны өдрүүдэд болно. Хөтөлбөр урьдчилсан байдлаар гарсан. Эцсийн байдлаар ярилцаан нийтэд түгээнэ. “БАЯН-ӨНДӨР хайрханы тэнгэрийг тайх ёслол” 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 07.40 цагт эхэлнэ. Уулыг бэлээс нь, усыг эхнээс нь гэж нутгийн ламын зөвлөснөөр Хагшаал талаас нь ёслол үйлдэнэ. Төрийн талын үйл ажиллагааг сумын засаг даргын Тамгын газар, шашны талын үйл ажиллагааг уул, усыг тайх төрийн ёслолд оролцдог лам, хуврагууд, мөн нутгийн лам нарын дэмжлэгтэйгээр хийнэ.
Ирэх жилээс эхлэн жороо морины уралдаан наадмын хөтөлбөрт орох учраас торгууд түмэн жороо морио сурталчилах зорилгоор баруун бүсийн жороо морины уралдааныг 3 насны ангилалаар зохион байгуулах саналыг Засаг дарга Ж.Дамдинбазар дэвшүүлсэн. Жороо морь цаашид хэрхэн, маргаангүй уралдуулах шинэ журам гаргана. Шинэ журмын дагуу морио уралдууулна. Уралдааны талбайд зохион байгуулна.
9 сарын 9-ны даваа гарагт 32 бөхийн барилдаан, сурын харваа, хүндэтгэл үзүүлэх болон шагналын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн.
Мөн баруун бүсийн сургуулиудын сурагчдын нээлттэй шатрын тэмцээн, спорт, соёл урлагын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Гурван зүйлийг хэлье. Нэгт, Булган сум бол Монгол Улсын гадаадад гарах чухал гарцын нэг болно. БНХАУ-ын ШУӨЗО, Төв Азийн орнууд, Энэтхэг, Пакистан гарахад Булган, Байтагийн боомтоор л гарна. Хөгжил хаяанд байна. Энэ бүгдийг бид сайн ашиглах учиртай.
Хоёрт, Би өөрийгөө нутаг амьтай гэж боддог. Гадаадад байхдаа Монголоо боддог, Монголдоо ирээд Минжит Булганаа боддог, хайрладаг. Аавынхаа машины кабинд суугаад миний очоогүй газар Булганд байхгүй. Бүгдийг нь мэддэг учраас бодогддог байх. Хүүхдүүд шатрын ордондоо суугаад хичээллэж байгааг харах үнэхээр сайхан байдаг. Миний ээж яслид асрагч, хадам ээж, гэргий нар эмч учраас сумын нэгдсэн эмнэлэгт тусгай зориулалтын машин, сурч байсан сургуульдаа жудогийн дэвжээ бэлэглэж байсан. Улсын харцага Г.Ганхуяг барилдаанаа энэ дэвжээн дээр хийж байснаа дурсан ярьж байсан. Нутгийн хүүхдүүд бүгд шатар тоглодог болчихвол амьдралаа авч явахад нэн тустай болно доо. Улс, дэлхийд нэртэй шатарчин төрөөсэй л гэж залбирч явна. Цаашдаа ч гэсэн олон зүйлийг хийх бодол байна.
Гуравт, Уул овоо, тэнгэр тахих гэдэг бол газар дэлхийгээ тахиж шүтэн биширч, эд баялагийг нь хүчээр хоослох бус байгаль ертөнцийн өөрчлөлт хувьслын учрыг олж, шалтгааныг бодож үзэх, байгальтай зохицон амьдрах ухааныг нүүдэлчин Монгол түмэнд өгдөг хамгийн том соёл гэгддэг. Бидний өвөг дээдэс нүүгээд явахдаа бууриа цэмцийтэл цэвэрлээд, арвай буудай цацдаг байсан. Эргээд тухайн газартаа хаваржаалж, өвөлжихөөр ирэхэд ногоо ургаад, цоо шинэхэн газар дэлхий бүрдсэн байдаг гэж билэгшээж ирсэн. Энэ бол газар дэлхий, уул ус, тэнгэртэйгээ хүн ёсоор харьцаж, ойр байх Монгол ухаан юм. Торгууд түмэн бид нутгийнхаа Баян-Өндөр хайрханаа тахин шүтэж, тэнгэрийг нь тайх ёслолыг нэгэн сэтгэлээр, итгэл үнэмшилээ нэгтгэн хийдэг болцгооё. Бидний өвөг дээдэс эрт дээр үеэсээ Баян-Өндөр хайрханаа танхин шүтэж, далдын эзэн, лус савдаг байдаг хэмээн билэгшээж, тэднийг баярлуулж баясгаж, аргадаж идээ будаагаа өргөж иржээ. Бид энэ үйлийг торгууд түмнээрээ үйлддэг болох нь өвөг дээдсээ хүндлэн дээдлэх сайн үйл бөгөөд үр ач, хойч үеийнхэнд байгаль дэлхийгээ хайрлах үзлийг суулгах давуу талтай. Ингэж бид Баян-Өндөр хайрханаа тахин шүтэж, тэнгэр тайх тахилгаараа дамжуулан нутаг орон, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг тогтоох учиртай, бурхны шашинд ч ингэж айлдсан байдаг. Тэгэхээр торгууд түмэн минь 2024 оны 9 сарын 8-нд Булган сумынхаа БАЯН-ӨНДӨР хайрханы тэнгэрийг тайх ёслол дээр уулзацгаая.
Ажлын хэсэг бэлтгэл ажилдаа орсон. Би зохицуулагчаар ажиллаж байгаа. Аливаа ажлын зохион байгуулахад санхүүжилт маш чухал. Энэ буяны ажлыголон түмнийхээ хандив, дэмжлэгээр сайн зохион байгуулна. Хандивын данс нээсэн. БАЯН-ӨНДӨР хайрхан Та бүхэнд буян хишгээ хайрлана гэдэгт итгэлтэй байна.
Ж.Батхишиг