Улаанбаатар хотын замын эвдрээгүй хашлагыг/бродюр/ сольж, төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Харин стандартыг шинэчилж, эвдрээгүй бродюрыг солихгүй гэдгээ нийслэлийн Засаг дарга амлав.
Түүний мэдээлснээр Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч бродюрын стандартыг өөрчилжээ. Ингэснээр эвдэрч, гэмтээгүй бродюрыг заавал солихгүй, шинэ стандартад шилжиж байгаа гэнэ.
Тухайлбал Энхтайвны өргөн чөлөө болон Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэл дахиж бродюр солихгүй гэв.
Эвдэрч, хагарсан бродюрыг цоолдож солих бөгөөд засварын ажлыг хийж буй компанид санхүүжилтийг гүйцэтгэлээр нь өгөхөөр болжээ.