Өчигдөр Хан-Уул дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 12 байгууллагын 98 ажилчин 24 машин техник, 49 үлээгч төхөөрөмж, 7 явган замын моторт төхөөрөмжөөр давс цацжээ.
Байгууллагуудад хариуцлагатай жижүүр гарган, Айцын даваа, Морингийн даваа болон төв, туслах замуудад давс цацсан учир халтиргаа гулгаа үүсээгүй байна.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний таван байгууллага ажиллажээ. "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ 76 зам талбайн үйлчлэгч, нэг техниктэй ажиллаж, давс, бодис зарцуулаагүй 432 тонн давс, 135 тонн тусгай бодисын үлдэгдэлтэй байна. "Сүхбаатар дэвшил менежмент" ААТҮГ-т 12 зам талбайн үйлчлэгч ажиллаж, 80 тонн давс, 20 тонн тусгай бодисын үлдэгдэлтэй.
СХД-ийн зургаан бүсийн зам талбайн цэвэрлэгээнд зам талбайн үйлчлэгч 139, замын мастер 6, замын албаны дарга 1, ХАБЭА-н ажилтан 2, камазны жолооч 2, шүүрний машин жолооч 2 ажиллажээ.
Нийт 160 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хөдөлмөр, аюулгүй байдлын зааварчилгааны дагуу өглөө бүр хариуцсан зам, талбайн үйлчилгээг явуулж байна. Мөн Үйлдвэрчний эвлэл, Баянхошуу, Хувьсгалчдын гудамжинд шүүрний машинаар авто замын нуухыг шүүрдэн цэвэрлэжээ.
Баянгол дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн 834 мянган ам.метр талбайд гол болон туслах замуудад халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж, зам талбайн мэргэжлийн 8 байгууллагаас шаардлагатай арга хэмжээг авчээ.
Тодруулбал, инженер техникийн ажилчид 11, зам талбайн үйлчлэгч 104, бичил гар төхөөрөмжүүд 20, давс бодис цацах шүүрдэх тусгай зориулалтын машин механизм 8 ажиллаж, 13.2 тонн давс цацаж, цэвэрлэгээ үйлчилгээг хийж байна.
БЗД-ийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээний 6 байгууллагын зам талбайн 95 үйлчлэгч 28 техник хэрэгсэлтэй ажиллажээ. Авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж, 68 тонн бодис, 35 тонн давс цацсан байна.
Улаанбаатарын хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг 32 байгууллагын 600 орчим зам талбайн үйлчлэгч, 80 орчим тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй цэвэрлэжээ. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацсан байна.