fitness
  • 44 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

ЭМЯ, ХӨСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан “Монгол контент” хамтран умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх ХПВ-ийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлэх, эцэг эхэд боловсрол олгох кампанит ажлыг хэрэгжүүлэв.

Аяныг хэрэгжүүлэх болсон үндэслэл

Манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчин эмэгтэйчүүдийн нас баралтын хоёр дахь шалтгаанд тооцогддог. 15-44 настай буюу ид хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд энэхүү аюулт өвчний улмаас нас барсаар байна. Жил бүр дунджаар 180 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас амиа алдаж, 350 орчим эмэгтэйд энэ хорт хавдрын оношийг тавьдаг. Дийлэнх эмэгтэйчүүд хожуу шатандаа эмнэлэгт хандаж, хорт хавдрын 3-4-р шатанд оржээ гэсэн онош сонсдог.

Зүүн Өмнөд Ази, Ази Номхон далайн орнуудтай харьцуулахад Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралт харьцангуй их бүртгэгддэг. Эрүүл мэндийн яам, салбарын байгууллагууд хүний папилома вирусын (цаашид ХПВ) халдварын эсрэг вакциныг нэвтрүүлж, дархлаажуулалтын үндэсний товлолд ч багтаав.

Ингэснээр 2024 оны аравдугаар сараас 11 настай охид, хөвгүүдэд ХПВ-ийн эсрэг вакциныг хийж эхэллээ. ХПВ-ийн халдварын эсрэг вакцины талаарх мэдээллийг олон нийтэд баталгаат эх сурвалжаас хүргэх нь аяны зорилго байв.

"Хүний папиллома вирусийн халдвар, халдварын эсрэг вакцины талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал" судалгааг 2024 онд АШУҮИС-ийн багш нар хийжээ. Тус судалгаанд

• Эцэг эх, асран хамгаалагч - 3057,
• Сургуулийн багш, ажилтан-509,
• Эрүүл мэндийн ажилтан-416 зэрэг гурван бүлгийн нийт 3982 хүнийг хамруулжээ.

Судалгааны үр дүн: Эцэг эх, асран хамгаалагчдын дөрвөн хүн тутмын гурав нь ХПВ-ийн халдвар, ХПВ-ийн халдварын эсрэг вакцины талаар сонсоогүй гэжээ. Энэ нь хүний папиллома вирусийн талаарх мэдлэг олон нийтэд хангалтгүй байгааг, иргэдэд зөв ойлголт түгээх шаардлагатайг харуулсан юм.


Аянаар хэрэгжүүлсэн ажлууд

  • ХПВ-ийн халдварын эсрэг вакцины талаар мэдээлэл олгох, эцэг эхэд боловсрол олгох зорилготой контентууд бүтээж, түгээх
  • ХПВ-ийн халдварын эсрэг вакцины талаар мэдээлэл олгох, эцэг эхэд боловсрол олгох зорилготой, биет үйл ажиллаганууд зохион байгуулах
  • Хүүхдүүдийн дунд (10-11 настай) зохион бичлэг, рийлийн тэмцээн явуулав.

Аяны гол мессеж

Бид дараах мессежийг ярилцлага, нийтлэл, видео, постер гэх мэт өөр өөр хэлбэрээр олон давтамжтай түгээв.

  • 11 настай охид, хөвгүүд хүний папиллома вирусийн эсрэг вакцин хийлгэн, гэр бүлээ хавдраас сэргийлээрэй.
  • Хүний папиллома вирус 6 төрлийн хорт хавдар үүсгэдэг. Энэ вирусийн эсрэг вакциныг 11-ээс дээш насныхан хийлгэнэ.   
  • Умайн хүзүүний хорт хавдрын гол шалтгаан нь хүний папиллома вирус.  Охид, эмэгтэйчүүдээ энэ хавдраас сэргийлье.
  • Эрэгтэйчүүд хүний папиллома вирусийг тээж бусдад халдвар тараадаг. 11-ээс дээш насны хөвгүүд энэ вирусийн эсрэг вакцинаа хийлгэээрэй.
  • Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг орон даяар хийж байна.Таны хүүхэд хоцроогүй биз?
  • 11-15 настай хүүхдүүд сургууль, харьяа өрхийн эмнэлэгтээ ХПВ-ийн эсрэг вакцинаа хийлгээрэй.

Бид хавдрын эмч нар, судлаачид, даван туулагчид буюу умайн хүзүүний хорт хавдартай тэмцэж буй өвчтөнүүд гэх мэт олон хүнтэй ярилцаж, хүний папиллома вирус эрэгтэй, эмэгтэй хүмүүст ямар өвчин үүсгэдэг, тэдгээр нь ямар шинж тэмдэгтэй, хэрхэн эрт илрүүлэх талаарх зөвлөгөөг уншигч, үзэгчдэд хүргэв.

21 текст контент (мэдээ, ярилцлага, нийтлэл), 20 видео контент (рийл, ярилцлага, нэвтрлүүлэг) бэлтгэн gogo.mn, yolo.mn, ikon.mn, zuv.mn, graph.mn сайтуудаар түгээв. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн мэдээллийг 180 мянган хүн уншжээ.

Мөн "Зууны мэдээ" сонин, Боловсрол суваг, Монгол HD, МҮОНРТ-ээр нэвтрүүлгээ цацав. Цахим орчинд түгээсэн 20 видео контентыг 2025.11.17-ны өдрийн байдлаар нийт 5 305 833 удаа үзжээ.

Аяны үр дүн

2025.04.28-ны өдрийн байдлаар 33955 хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан гэж ХПВ-ийн халдвар болон сэргийлэх талаарх мэдээлэлд бичжээ. 2025.11.17-ний өдрийн байдлаар манай улсад 109 мянган хүүхэд вакцинд хамрагдаж, хагас жилийн хугацаанд 75 мянган хүүхэд вакцинаа хийлгэсэн байна. 

ХПВ-ийн халдварын эсрэг вакцинаа хийлгэснээр хүүхдүүд ирээдүйд тулгарч болзошгүй зургаан төрлийн хорт хавдраас хамгаалагдана. 10-14 насны хүүхдүүд өнөөдөр вакцинаа хийлгэх нь ирээдүйд үүсэж болзошгүй олон эрсдэлээс хамгаална.

Зөвлөмж

Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины талаар цуврал контентууд нь иргэдийн эрүүл мэндийн боловсролд оруулсан томоохон хөрөнгө оруулалт юм. Economist Impact-аас гаргасан 40 орны эрүүл мэндийн хүртээмжийн индекс эрүүл мэндийн боловсрол, хүртээмж нь эдийн засгийн өсөлт, санхүүгийн баялагтай шууд холбоотойг харуулсан.

Иргэдийн эрүүл мэндийн боловсрол, хүртээмж дутмаг байх нь эдийн засагт зардал, алдагдал үүсгэдэг. Иймд улс орнууд иргэдийн эрүүл мэндийн боловсролд анхаарах ёстойг эрүүл мэндийн төдийгүй эдийн засгийн салбарынхан ч анхааруулдаг.

Health drives wealth: The economic impact of health inclusivity судалгаанд эрүүл мэндийн бага боловсролтой хүмүүс их үйлчилгээ авдаг тул тэдний эрүүл мэндийн үйлчилгээний жилийн зардал нь эрүүл мэндийн өндөр боловсролтой хүмүүсийнхээс гурав дахин их байна гэжээ.

Мөн дэлхийн 40 орны эрүүл мэндийн бага боловсролтой хүмүүсийн эзлэх хувийг 25 хувиар бууруулж чадвал, жил бүр эрүүл мэндийн зардлаас 303 тэрбум ам.доллар хэмнэнэ. Энэ нь 40 орны эдийн засгийг 0.4 хувиар тэлэх боломжтойг онцолжээ.

Дэлхий нийт 2030 онд умайн хүзүүний хорт хавдаргүй (УХХХ) болж, энэ өвчнийг устгахаар зорьж байна. Гэтэл манай улсад УХХХ-ын өвчлөл дэлхийн дунджаас 3 дахин, нас баралт 1.3 дахин их байна. Энэ нь бид цаашид ч УХХХ-ын эсрэг вакцины талаарх үнэн зөв мэдээллийг өргөн хүрээнд түгээх шаардлагатайг илтгэнэ.

Бодлого боловсруулагчид иргэдийг эрүүл мэнд, сайн сайхан байдлынхаа талаар мэдээлэлтэй шийдвэр гаргахад бэлтгэх зорилгоор хүртээмжтэй эрүүл мэндийн боловсролыг эн тэргүүнд тавих ёстой. ЭМЯ энэ чиглэлд цаашид ч манлайлж, олон улсын болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар иргэдэд мэдээлэл түгээсээр байх шаардлагатай.

Аяны хүрээнд бэлтгэсэн мэдээг эндээс унших боломжтой.  

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн