Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу FIFA World Cup 2026 нь хөлбөмбөгийн түүхэнд хамгийн том, хамгийн өргөн цар хүрээтэй болох гэж байна.
ДАШТ 2026 оны 6-р сарын 11-нд эхэлж, 7-р сарын 19-нд өндөрлөнө. Албан ёсны хуваариар ДАШТ-ий нээлтийн тоглолт болох Мексик болон Өмнөд Африкийн тоглолтоор 11-ний өдөр Мехико хотын цагаар 19:00 /Улаанбаатарын цагаар 12-ны 09:00/ эхэлнэ.
Анх удаа АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 16 хотод тоглолтууд өрнөнө.
Энэ удаагийн хамгийн онцлох өөрчлөлт нь оролцогч багийн тоо 48 болж нэмэгдсэн явдал юм. Өмнө нь 32 баг оролцдог байсан бол энэ удаа илүү олон бүс нутгийн шигшээ багууд дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломжтой болсон. Багуудыг 12 хэсэгт хувааж, хэсэг бүрд дөрвөн баг тоглоно.
Нийт 104 тоглолттой болж, өмнөх ДАШТ-ээс илүү урт, илүү их ачаалалтай болно.
Шинэ форматын дагуу баг бүр гурван тоглолт хийх бөгөөд хэсгээс эхний хоёр байраар шалгарсан багууд болон хамгийн сайн амжилттай гуравдугаар байрын зарим багууд нийлээд 32 багийн хасагдах шатанд орно. Ингэснээр тэмцээн нийт 104 тоглолттой болж, өмнөх ДАШТ-ээс илүү урт, илүү их ачаалалтай болно.
Энэ шинэ бүтэц нь жижиг улсын шигшээ багуудад илүү их боломж олгож байгаа ч нөгөө талаас том багуудын хувьд тоглолтын тоо нэмэгдэж, биеийн ачаалал, сэлгээний тоглогчдын ач холбогдол илүү өснө. Мөн АНУ, Канад, Мексикийн олон хотод явагдах учир цагийн бүс, аяллын зохион байгуулалт өмнөхөөс илүү төвөгтэй болж байгаа аж.
Өөрөөр хэлбэл 2026 оны ДАШТ нь зөвхөн хөлбөмбөгийн тэмцээн биш, харин дэлхийн хэмжээний хамгийн том спортын арга хэмжээ болох төлөвтэй байна.
Энэ удаагийн ДАШТ-ий албан ёсны дуу болох "Dai Dai"-г дуучин Шакира дуулсан юм. Уг дууг Шакира Нигерийн дуучин Burna Boy-той хамтран дуулсан бөгөөд тэмцээний эв нэгдэл, дэлхийн соёлын олон янз байдлыг илэрхийлэх зорилготой. Мөн Blackpink хамтлагийн гишүүн Лиза Бразилын дуучин Anitta, Нигерийн уран бүтээлч Rema нарын хамтарсан "Goals" дуу нь ДАШТ-ий албан ёсны цомгийн (Official FIFA World Cup 2026 Album) нэг хэсэг бөгөөд Лос Анжелес дахь нээлтийн ёслолд анх удаа амьдаар дуулна. Энэ нь тэмцээний сүлд дуу биш ч ДАШТ-ий хөгжмийн анхаарал татсан бүтээлүүдийн нэг болжээ. Goals дууны клипийг үзэх бол ЭНД дарна уу.