fitness
  • 220 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-23

Замын-Үүд – Эрээн өртөөний тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг өсгөх төдийгүй Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгаа дэмжих үндсэн арга замын нэг билээ. Энэ зорилгоор “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа.“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн 3 жил шахам үргэлжилсэн КОВИД-19 цар тахлын хүндрэлийг хоёр орны төмөр замчид хамтын хүчээр амжилттай даван туулж, Замын-Үүд - Эрээн боомтоор галт тэрэг солилцоо нэмэгдэж, төмөр замын тээврийн хэмжээ цар тахлын өмнөх үеэс илүү өндөр түвшинд хүрсэн үед анх удаа өндөр дээд түвшний айлчлал хийсэн нь Хятадын төмөр зам олон жилийн найрсаг хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэхэд анхаарч, өндөр ач холбогдол өгч байгааг харуулсан үйл явдал боллоо. Энэхүү айлчлал нь УБТЗ түүхэндээ Хятадын төмөр замын урилгаар Замын даргын түвшинд бие дааж хийсэн анхны албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог юм.

Бээжин хотноо “Хятадын төмөр замууд” корпорацын төв байранд тус корпорацын ерөнхий захирал Гоу Жусуе, “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнг халуун дотноор угтан авч уулзлаа.

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирлаар томилогдсонд нь ноён Гуо Жусуед баяр хүргээд цар тахлын хүнд үед Монгол Улсад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан Монгол Улсын импортын чингэлгүүдийг шуурхай татан авахад дэмжлэг үзүүлж тусалсан “Хятадын төмөр замууд” корпорацын удирдлага, нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн 2023 онд цар тахлын хязгаарлалтууд цуцлагдаж, Замын-Үүд – Эрээн боомтын үйл ажиллагаа сэргэж, галт тэрэг солилцоо сайжирснаар тээврийн хэмжээ тогтвортой нэмэгдэж байгааг онцлон дурджээ. Хятад - Европ чингэлгийн дамжин өнгөрөх буухиа галт тэрэгний тээвэр энэ оны эхний 4 сарын байдлаар 889 галт тэрэгт хүрээд байгааг дурдаад энэ онд 2700 галт тэрэг дамжин өнгөрүүлж шинэ дээд амжилт тогтоох зорилготой ажиллаж байгаагаа дуулгалаа.

Түүнчлэн Хятадын төмөр замын зүгээс хавар, зуны бүтээн байгуулалтын улиралд Монгол Улс руу ачилт хийдэг төмөр замуудад вагон илгээлтийн төлөвлөгөөг аль болох ахиу олгож байхыг хүссэн байна.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн Замын-Үүд өртөөний нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар хийж байгаа ажлаасаа танилцуулаад өнгөрсөн онд Монгол Улсын хил хүртэл барьсан 4.6 км нарийн царигийн 2 дахь гол замыг холбох холболтын асуудалд анхаарлаа хандуулж дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

БНХАУ цар тахлын хөл хорио цээрээ цуцалж хилээ нээсэнтэй холбогдуулан олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээхтэй холбоотой бэлтгэл ажлыг УБТЗ бүрэн хангаж дууссан тул ойрын хугацаанд Замын-Үүд – Эрээн боомтоор зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг нээнэ гэж итгэж байгаагаа илэрхийллээ.

“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуе уулзалтын үеэр тээврийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд буулгалтаас суларсан хоосон вагонд ачаа ачих, Хятад - Европ чингэлгийн буухиа галт тэрэгний хэмжээг нэмэгдүүлэх, ачаа тээврийн бичиг баримтыг цахимаар солилцох зэрэг тодорхой асуудлууд дээр  хамтран ажиллах саналтай байгаагаа хэллээ.

Мөн талууд хилийн өртөөдийн хүчин чадлыг харилцан уялдаатай нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд хамтарсан ажлын хэсэг яаралтай байгуулж ажиллахаар тохиролцов.

Уулзалтын үеэр ярилцсан асуудлууд дээр талууд санал нэгтэй байгаагаа илэрхийлж хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд УБТЗ-ын дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуег Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьжээ. 

“УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д хийж байгаа айлчлалынхаа хүрээнд “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ийн дарга Жуан Хөтэй уулзлаа. 

Уулзалтын үеэр талууд Замын-Үүд – Эрээн өртөөдийн 2023 оны эхний 4 сарын ачаа тээврийн үзүүлэлт, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн төмөр замуудаар 2023 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөний болон хилийн төмөр замуудын зөвлөгөөний протоколын хэрэгжилтийн талаар харилцан ярилцаж, хилийн өртөөдийн тээвэр зохион байгуулалт, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар харилцан санал бодлоо солилцсон юм. 

Мөн УБТЗ болон Хөх хотын төмөр замуудын хоорондын найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор УБТЗ-ын хувь нийлүүлэгчдийн хурлаас БНХАУ-ын Хөх хотод УБТЗ-ын Байнгын ажиллагаатай Төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах шийдвэр гарсны дагуу 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах болсныг хэллээ.

УБТЗ-ын дарга айлчлалынхаа үеэр Хөх хотын төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын төв болон Хөх хотын Зорчигч тээврийн үйлчилгээний төв буудлын үйл ажиллагаатай танилцав.

“Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэнгийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлал нь хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааг бэхжүүлж гүнзгийрүүлэхэд чухал алхам боллоо.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

 

Бусад мэдээ

Улсын шалгалтын үеэр төрийн өмчийн их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулах үүрэг өгчээ

Улсын шалгалтын үеэр төрийн өмчийн их, дээд сургуулийн номын санг 24 цагаар ажиллуулах үүрэг өгчээ

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 63 их, дээд сургуулийн төлөөлөл 350 гаруй оюутныг хамруулсан “

ГССҮТ-д гэмтлийн дараах хөдөлмөр заслын тусламж үзүүлж байна

ГССҮТ-д гэмтлийн дараах хөдөлмөр заслын тусламж үзүүлж байна

Гэмтлийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны ча

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.