fitness
  • 344 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-28

Төрийн үйлчилгээг иргэнд хялбар хүргэхээр зорьж байгаа E-Mongolia нь манай улсад хэрэгжиж байгаа цагаа олсон, чухал хэрэгцээт систем гэдэгтэй хэн ч маргахгүй.

Гэвч уг системээс гарсан баримтыг холбогдох байгууллагууд одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй, E-Mongolia системээр онлайн үйлчилгээ аваад эхэлчихсэн бол өөрийн биеэр УБЕГ-т очоод бүртгэл хийлгэх боломжгүйгээр нэг сар хүлээх нөхцөл байдал үүсэж, хохирсон иргэн манай редакцад хандлаа.

Иргэний өгсөн мэдээллийг тодруулбал, хувиараа хөдөлмөр эрхлэгч А бизнесээ өргөжүүлж, татвар төлөгч хуулийн этгээд болохоор E-Mongolia системээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр шийджээ. Улмаар оноосон нэрээ баталгаажуулж, эхний алхмаа давсан байна. Оноосон нэр баталгаажуулсны дараа бүртгэлээ цааш үргэлжлүүлэхийн тулд нэр баталгаажуулсан баримтаа системээс хэвлэж аваад банканд очиж, түр данс нээлгэх хэрэгтэй аж. Гэвч E-Mongolia-аас хэвлэж авсан уг баримтыг нь Худалдаа Хөгжлийн Банк, ХААН, Голомт банк хүлээн зөвшөөрөөгүй байна.

Энэ талаар ХХБ-ны Хуулийн газраас тодруулахад "УБЕГ-ын баталсан 2018 оны журмын дагуу оноосон нэр баталгаажуулсан баримт нь УБЕГ-ын бүртгэл баталгаажуулсан ажилтны гарын үсэг, тамга тэмдэгтэй байх ёстой. Энэ журам өөрчлөгдөөгүй цагт бид журам зөрчих боломжгүй. E-Mongolia-аас баталгаажуулсан QR код бүхий баримт дээр УБЕГ-ын оноосон нэр баталгаажуулсан тамга даруулаад ирвэл түр данс нээж өгөх боломжтой" гэсэн тайлбарыг өгчээ.

Иргэн энэ шаардлагын дагуу QR код бүхий оноосон нэр баталгаажуулсан баримтыг Улсын бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээн дээр тамга даруулахаар очиход УБЕГ-ын бүртгэлийн ажилтан "E-Mongolia-аас авсан QR кодтой баримтыг банкууд зөвшөөрөхгүй байгааг бид мэдэж байгаа. Гэхдээ би болон өөр ямар ч бүртгэлийн ажилтан энэ баримт дээр тамга дарж өгөх боломжгүй. Учир нь таны энэ баримтыг онлайнаар баталгаажуулсан Ц.М гэдэг ажилтан нь би биш. Та оноосон нэр авахдаа 10,000 төгрөгийн төлбөр төлсөн байгаа. Та хохирч үлдэхгүйн тулд 1111 төвд ханд даа. Өөрөөр би яаж ч тусалж чадахгүй. Мэдээж таны авсан хуулийн Этгээдийн оноосон нэрийг та онлайнаар авсан тул бүртгэлээ нэг цэгээр үргэлжлүүлэх боломжгүй боллоо" гэдгийг хэлсэн байна.

Ийнхүү тухайн иргэн 2022 оны арванхоёрдугаар сарын 19-нд хуулийн этгээдийн оноосон нэрээ E-Mongolia-аар баталгаажуулсан ч бүртгэлээ үргэлжлүүлэх байтугай бүтэн сар хүлээх шаардлагатай болжээ.

Иргэний мэдээллийн дагуу бид УБЕГ-аас тодруулахад "Манай хуулиар бүртгэлийн цахим хэлбэр гэж байгаа. Цахим сүлжээгээр дамжуулан Улсын бүртгэлийн байгууллагад хандан бүртгэлийг цахимаар нээнэ. Мөн Улсын бүртгэлийн үйлчилгээг энэ хуульд заасны дагуу цаасан болон цахим хэлбэрээр авч болно гээд заачихсан. Энэ хуулийнхаа дагуу бид цахим үйлчилгээгээ үзүүлээд явж байгаа.

Хуульд заасан цахим үйлчилгээг бид үзүүлээд QR кодоор баталгаажуулаад өгдөг. Холбогдох байгууллагууд албан ёсны гэж үзээд цаасан дээрх бичиг баримттай ижилхэн хүчинтэй гэж тооцогдох ёстой. Цахимаар эхлүүлсэн ч дахиад цаасан хэлбэрээр авах боломжтой.

Хэрэв цахимаар авсан баримтыг банк хүлээж авахгүй байна, цаасаар авъя гэвэл манайх шууд хэвлээд өгч байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн 13.2 дээр энэ хуулийн 13-т заасан этгээд нэр авах хүсэлтийг биечлэн эсвэл цахим хэлбэрээр гаргаж болно" гэсэн юм.

Албаны эх сурвалжуудаас тодруулахад ийнхүү ялгаатай байр сууриуд илэрхийлж байна. Өмнө нь E-Mongolia-г "Дөрөвхөн цагийн дотор онлайнаар хуулийн этгээд байгуулах боломжтой боллоо" хэмээн олон нийтэд сурталчилж байсан. Гэвч бодит байдал дээр уг үйлчилгээ иргэдийг нааш цааш явуулж, цаг хугацаа, ажил төрлийг нь алдагдуулан, чирэгдэл учруулсан, ойлгомжгүй хэвээр байгааг дээрх иргэнд тохиолдсон явдал харуулж байна. 

Бусад мэдээ

Монгол Улсаас ОХУ-ын 289 иргэн тэтгэвэр авдаг

Монгол Улсаас ОХУ-ын 289 иргэн тэтгэвэр авдаг

Монгол Улс болон ОХУ-ын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангаж тэтгэвэр, тэтгэмж авах нөхцөли

Монгол банк: Мэндчилгээ

Монгол банк: Мэндчилгээ

Жил болгон 6 дугаар сарын 2-ны өдөр уламжлал болгон тэмдэглэж ирсэн Банкны ажилтны өдрийн мэндийг са

Ариунзул С.
Ариунзул С.